Генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-26 13:51:23
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Генерал цол олгож эхэлсний 75 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд 70 гаруй генерал нэрт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.

Ёслолд цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуул зэрэг тусгай чиг үүргийн байгууллагын 70 гаруй генерал оролцлоо. Тэдний хамгийн ахмад нь өдгөө 101 насыг зооглож буй ахмад дайчин, хошууч генерал Т.Алтангэрэл байлаа.


БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх олгосон түүхтэй. Жил бүрийн энэ өдрийг алтан мөрдөст “Генералуудын өдөр” хэмээн уламжлал болгон 15 дахь жилдээ тэмдэглэж байна.


Хошууч генерал Ч.Улаанхүү, “Үе үеийн генерал цолтнууд эх орныхоо халдашгүй дархан байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн. Үүнд Халх голын дайнд оролцсон дайчдын гавьяаг үнэлж баршгүй юм. Маршал Х.Чойбалсангаас эхлээд, эх орноо батлан хамгаалах үйлс, дайны цаг үед цэргийн ур ухааныг гаргаж байсан бахархам түүх бий. Энхийн цагт ч манай офицер, генералууд энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасаар байна” гэв.

Монгол Улсын хэмжээнд 181 хүнд генерал цол олгосноос өдгөө 91 нь энх тунх байгаа юм. Жил бүрийн Генералуудын өдрөөр цэрэг, хууль, хүчний байгууллагууд генералуудад хүндэтгэл илэрхийлж, генералууд Д.Сүхбаатар, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг хэмээн Хошууч генерал Б.Баярмагнай хэллээ.


Бригадын генерал Н.Энхбаялаг, “Би 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анхны бригадын генерал цол хүртсэн юм. Анхны гэдэг утгаар нь ихэд бахархаж явдаг. Энд олон сайхан ахмад, залуу үеийн генералууд баяраа тэмдэглэхээр иржээ. Бүх офицер ахлагч нартаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.



Монгол Улсад цэргийн хамгийн дээд цол болох Маршал 3 байсан бөгөөд генералын дээд болох Армийн генерал 2, Хурандаа генерал 8, Дэслэгч генерал 18, Хошууч генерал 107, Бригадын генерал 28 байна. Хамгийн өндөр настай нь 100 нас хүрч буй хошууч генерал Т.Алтангэрэл гуай байгаа бол залуу нь 39 настай бригадын генерал Л.Онцгойбаяр юм.

Дашрамд дурдахад, хамгийн залуудаа генерал цол хүртсэн нь  28 настайдаа дэслэгч генерал болсон Ю.Цэдэнбал байжээ. Генералын хүү генерал болсон ганцхан л тохиолдол байгаа нь, хурандаа генерал Б.Цог, түүний хүү хошууч генерал Ц.Геннадий юм байна. УИХ, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайдын өндөр албан тушаал хашиж байсан 14 генерал бий.

Өнөөдрийн байдлаар 36 генерал нь Төрийн алба хашиж, ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.  
Холбоотой мэдээ