Аугаа Эх орны дайны түүхийн талаарх мэдлэгээ 500 мянга гаруй хүн сорино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. “Аугаа Эх орны дайны түүхийн тухай тест” олон улсын арга хэмжээ баасан гарагт дэлхийн улс орнуудад болно гэж ОХУ-ын Төрийн Думын дэргэдэх Залуучуудын парламентын дарга Мария Воропаева мэдээлжээ.
“Энэ жил 500 мянга гаруй хүн Аугаа Эх орны дайны түүхийн талаарх мэдлэгээ сорих төлөвтэй байна. Энэ арга хэмжээнд дэлхийн 40 гаруй орон нэгдэнэ” гэж тэрбээр мэдээлсэн байна.
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, мөн Балтын тэнгисийн орнууд, Финланд, БНХАУ зэрэг улсуудын иргэд мэдлэгээ сорих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ зарим газарт өөр нэртэйгээр болох аж. “Арга хэмжээнд бүх тив оролцоно. Камерун, Гвиней, Алжир, Египет зэрэг улс анх удаа бүртгүүлсэн. Хятад улс уламжлал ёсоор идэвхтэй оролцох бөгөөд Бээжин хотод төдийгүй бусад хотод 10 гаруй газар зохион байгуулна. Тестийг мөн АНУ, Их Британийн иргэд бөглөнө. Энэ жил Энэтхэг улс анх удаа бидэнтэй нэгдсэн, гэхдээ тус улсад “Фашизмыг ялсан түүхийн тухай тест” гэсэн өөр нэртэй тестээр мэдлэгийг нь сорино”. Учир нь тэдэнд Аугаа Эх орны дайны тухай ойлголт байхгүй” гэж Мария Воропаева ярилаа.
Тест нийтдээ дайны бүх үе шатыг хамарсан 30 асуулттай байна. Байлдааны ажиллагаанууд, ар талын амьдрал, соёл, урлаг, техник, партизануудын хөдөлгөөн, пионер баатруудын тухай сэдэвтэй холбоотой асуултууд байх аж.
“Аугаа Эх орны дайны түүхийн тухай тест” олон улсын арга хэмжээг Төрийн Думын дэргэдэх Залуучуудын парламент “Эх орноороо өдөр бүр бахархана!” төслийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд оролцогчид мөн Улаан армийн Европт явуулсан чөлөөлөх дайны тухай киног үзэх боломжтой аж.