Гамшгийн дуут дохио орон даяар 16.00 цагт дуугарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-24 09:00:50

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр 16.00 цагт улс орон даяар зохион байгуулна.

ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

Энэ нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ЕБС, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  ач холбогдолтой.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 60 цэгт байрлах гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохионы төхөөрөмжийн Нэг дэх түгшүүрийн дохио дуугарахад: Иргэн "суу, нуугд, хүлээ" гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ.
Хэрэв гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууж түр хүлээнэ.
Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ.

Хоёр дахь түгшүүрийн дохио дуугарахад: Анги хамт олноороо толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж, баруун гар талаа барьж "Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй" гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байх хэрэгтэй.

Гурав дахь түгшүүрийн дохио дуугарахад: Та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгч дадлага сургуульд идэвхтэй оролцохыг ОБЕГ-аас уриалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ