Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-23 17:19:40

Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" уулзалт өнөөдөр боллоо. 

Уулзалтаар өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан олон улсын хэмжээний хурлын талаар танилцуулсан юм. Тухайлбал энэ сарын 16-нд ГХЯ, Норвеги улстай хамтран “Байгалийн баялгийг зөв зохистой ашиглах нь” олон улсын семинар, 17, 18-нд “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт семинар, 21, 22-нд “Ази дахь ардчилсан шинэчлэл”  семинарыг зохион байгуулжээ.

Мөн уулзалтаар Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах ажлыг онцлов. Тухайлбал, Берлин хотод сүндэрлэх дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордонд Монгол Улс соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Тус тэнхимийг 2019 онд нээх бөгөөд нэн тэргүүнд улсын онцлогоо харуулсан бүтээл дэлгэх аж.  

Үүнээс гадна 2020 онд тохиох Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд дэлхийн орнуудад тархсан, Хархорум хоттой холбоотой түүхийн материал, соёлын өв, дурсгалыг нэгтгэн 2020 онд томоохон үзэсгэлэн гаргахаар бэлтгэлээ хийж байгаа аж.

 

Холбоотой мэдээ