Эрүүл мэндийн салбарт ахиц гарч Мянганы хөгжлийн зорилтын түвшинд хүрснийг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 16:30:30

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай уялдуулан “Ёс зүйгээ дээдэлж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг эрхэмлэе” уриан дор Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарынхан зөвлөлджээ.

Зөвлөлгөөнд аймаг, сумдын удирдлагууд, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, нэгжүүдийн дарга эрхлэгч нар, хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөгч оролцон, улирагч онд хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, 2016 онд хэрэгжүүлэх “Уриалга”-ыг гаргасан байна.

Эрүүл мэндийн газрын даргын илтгэлдээ “Төрийн сангийн санхүүжилт,  “Шинэ зууны эмч” хөтөлбөрийн хүрээнд 2013-2015 онд үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 39  их эмч, 26 сувилагч, тусгай мэргэжилтэнг сургаж, хүний нөөцийг ханган ажиллаж, нялхасын эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл улс, аймгийн дунджаас буурч, өмнөх оноос нялхасын эндэгдэл 1 промиллиор, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.4 пунктээр буурч, Мянганы хөгжлийн зорилтын түвшинд хүрсэн”-ийг онцолж байв. Илтгэлд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн салбарын ажил үйлчилгээг ЭМСЯ-наас 4.0 /79.5/  оноо буюу “ Хангалттай” үнэлгээ авсан, аймгийн Эрүүл мэндийн салбарын брэнд болон тэргүүлсэн үйл ажиллагаа болох “Эрүүл зан үйл -21” хөтөлбөрийг мөн онцолсон.

Зөвлөгөөнийн үеэр 2015 оны үйл ажиллагааны гүйцэтгэлээрээ бусдыг хошуучлан ажилласан манлайлагчдыг урамшуулан шагнал гардуулах үйл ажиллагааг зохион явуулжээ. Улирагч оны “Шилдэг хамт олон”-оор Д.Байгалмаа даргатай Эрдэнэцогт сумын Эрүүл мэндийн төв, Я.Өлзийжаргал даргатай Наранмандмал Өрхийн Эрүүл мэндийн төв, Б.Нацагдорж даргатай “Хонгор дент” шүдний эмнэлэг тус тус шалгарсан байна. Мөн оны “Шилдэг эмч”-ээр Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Оюун, “Шилдэг мэргэжилтэн”-ээр Баянлиг сумын статистикч Г.Эрдэнэчимэг, “Шилдэг ажилтан”-аар Эрдэнцогт сумын тогооч Р.Гэрэлмаа нар шалгарчээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ