Хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр олон улсын эрдэмтэд чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-12 17:41:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн  60 жилийн ойг угтан “First International Conference on Applied Sciences and Engineering-FICASE 2019”  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хэрэглээний шинжлэх ухааны сургууль энэ сарын 5-6-нд зохион байгуулав.

Энэ удаагийн хуралд гадаадын 7 орны 30, манай 215 орчим эрдэмтэн судлаач оролцож хэрэглээний математик, хими, биофизик, биотехнологи, хүрээлэн буй орчин, нано шинжлэх ухааны чиглэлээр 120 орчим  илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Салбар хуралдаанаар ХБНГУ-ын Дармштадтын Техникийн их сургууль, Аахен Технологийн их сургууль, Бранденбургийн Технологийн их сургууль, Япон улсын Акита их сургууль, Кумамото их сургууль, БНХАУ-ын Наньжин Техникийн их сургууль,  Баруун хойд Политехникийн их сургууль,  Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их сургууль, Нари групп, ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, Буриадын Дорнод Сибирийн Технологи, Менежментийн их сургууль,  Чех улсын Техникийн их сургууль, Лаосын үндэсний их сургуулийн төлөөлөгч, эрдэмтэн профессор, судлаачид судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцүүлэв.

Мөн ШУТИС, МУИС, МУБИС, Улаанбаатар их сургууль, ХААИС, СЭЗИС, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС-ийн Математикийн хүрээлэн, Нийслэлийн байгаль орчны газрын эрдэмтэн судлаачид судалгааны шинэ үр дүнгээрээ илтгэл тавив.

ХШУС нь Наньжингийн Технологийн Их сургуультай “Үйлдвэрийн экологи 2+2”, Баруун Хойд Политехникийн Их Сургуультай “Статистик 2+2”, ӨМӨЗО-ы Аж үйлдвэрийн их сургуультай “Химийн инженерчлэл 2+2” бакалаврын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Дээрх сургуулиудын төлөөлөгчдийг ШУТИС-ийн захирал,  профессор Б.Очирбат, ХШУС-ийн удирдлага, багш оюутнууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтарсан хөтөлбөрйн хэрэгжилтийн явц болон цаашид хэрхэн хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн БНХАУ-ын их сургуулиудтай ХШУС-ийн профессор багш нарын хамтран гүйцэтгэж байгаа төслийн явцын талаар болон хойшид хамтран гүйцэтгэх төслийн чиглэлийг өргөжүүлэх, ХШУС-ийн багш нарыг докторын сургалтад бүрэн тэтгэлгээр суралцуулах талаар холбогдох салбар, тэнхимийн профессор багш нар санал солилцсон юм.

Хурлын үеэр ХШУС-ийн захирал Д.Ганхуяг Чехийн төлөөлөгчидтэй уулзаж ахисан түвшний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, гарааны компани байгуулж хамтарсан судалгааны төслийг санхүүжүүлэх хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурав.

ОХУ-ын төлөөлөгчидтэй Оросын суурь судалгааны сангийн төсөл /РФФИ/-д дэвшүүлэх төслүүд, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар ярилцаж тохиролцлоо.

 

Холбоотой мэдээ