ОУПХ-ны нэгж байгууллага болон Байнгын хороодын хуралд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулга уулзалтад энэ сарын 6-10-нд оролцсон. Энэ үеэр тус холбооны нэгж байгууллага болон Байнгын хороодын хуралд манай улсын төлөөлөл оролцов.
ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөл хуралдаанд тус зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцов. Уг байнгын хороо нь ирэх 10 дугаар сард Серби Улсад болох ОУПХ-ны 141-р Ассамблейгаар бүх нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх асуудлаарх тогтоолын төсөл өргөн барих аж. Удирдах зөвлөл уг тогтоолын төсөлд тусгах санал, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд гүйцэтгэх парламентын үүргийн талаар тус тус хэлэлцэв. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан эрүүл мэндийн зорилт болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгжүүлж буй ажлыг танилцуулав.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Н.Оюундарь нар Эмэгтэй парламентчдын чуулганы хуралдаанд оролцов. Удирдах зөвлөл болон Жендерийн түншлэлийн бүлгийн тайлан, мөн Жендерийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ОУПХ-ны сүүлийн үеийн ажлын талаар мэдээлэл сонслоо. Уг чуулганы хуралдааны хэлэлцүүлэг “Ажлын байран дахь тэгш байдал” сэдвээр явагдсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажлын байрны хүртээмж ямар түвшинд байгаа тухай товч мэдээлж, санал бодлоо илэрхийлэв.
Залуу парламентчдын чуулганд залуучуудын асуудлаас гадна нэгдсэн чуулганаас батлах тогтоолын төслүүдэд залуучуудын эрх ашгийг хэрхэн тусгахыг хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Н.Учрал уг хуралд залуучуудын асуудлаар баримталдаг Монгол Улсын бодлогыг танилцуулан, Залуучуудын хууль батлуулан хэрэгжүүлж буйгаа онцлов. Ийнхүү Монголын парламентчид оролцсон Олон Улсын Парламентын Холбооны 140 дүгээр чуулга, уулзалт амжилттай боллоо хэмээн Доха хотоос мэдээлэв.