Хар нүхний зургийг анх удаа олон нийтэд дэлгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-04-11 15:04:58

ВАШИНГТОН. /CNN/. Эрдэмтэд дэлхийн дуран авайнуудын сүлжээг ашиглан хар нүхийг анх удаа харж, гэрэл зургийг нь авсан тухай АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний сангийн судлаачид лхагва гарагт мэдэгджээ. Тэд “M87” галактикийн төв хэсэгт асар том хэмжээтэй хар нүх хийгээд түүний сүүдрийг гэрэл зурагт амжилттай буулгасан байна.


“Хар нүх байдаг гэдгийг нотолсон анхны бодит нотолгоо энэ болсон” хэмээн судлаачид хэлж байна. Уг гэрэл зурагт нэг талдаа тод гэрэлтсэн гэрэлт цагаригийн төвд хар өнгөтэй хэсэг байгааг харуулсан байжээ.


Messier 87” буюу M87” хэмээх галактик нь “Virgo” галактикийн кластерийн ойролцоо байрладаг бөгөөд дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд оршдог байна. Уг хар нүхний масс нь нарнаас 6.5 тэрбум дахин хүнд ажээ.


“Бид харагдах боломжгүй хэмээн бодож байсан зүйлээ харсан. Түүгээр зогсохгүй бид зургийг нь буулгасан” гэж “Event Horizon Telescope” төслийн ахлах Шеперд Доелемэн хэлсэн байна. Энэхүү төсөлд 200 гаруй судлаач оролцсон бөгөөд тэд хар нүхний зургийг авахын тулд 10 гаруй жилийн турш хөдөлмөрлөжээ.


M87” галактикийн хар нүхийг дэлхийгээс харагдах боломжтой хамгийн том хэмжээтэй хар нүх хэмээн судлаачид үзэж байна. Хар нүхний хэмжээ нь масстайгаа шууд хамааралтай байдаг бөгөөд нүх том байх тусам сүүдрийнх нь хэмжээ том байдаг аж. 

Холбоотой мэдээ