"Цэгцтэй сэтгэгч хүүхэд" төслийн үр дүн гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-08 21:29:24

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Сонгино сумын 12 жилийн сургууль нь үндэсний хэмжээнд зарласан сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт бага ангийн сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх “Цэгцтэй сэтгэгч хүүхэд” төслийг бичиж 2016-2017 оны хичээлийн жил, 2018 онд амжилттай хэрэгжүүлжээ.  

"Цэгцтэй сэтгэгч хүүхэд" төслийн хүрээнд 3000 ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар төслийн нэгдүгээр шатны санхүүжилт болох 4.8 сая төгрөгийг авч, математик сэтгэлгээг хөгжүүлэх сонгон, уралдаант бодлогын аргачлалуудыг шат дараатай заажээ. Төслийн хүрээнд тус сургуулийн 300 хүүхэд математик сэтгэлгээг хөгжүүлэх гүнзгийрүүлсэн сургалтад хичээлийн бус цагаар хамрагджээ. Төсөл гурван жил үргэлжлэх хугацаанд тус сургуулийн 3-9 дүгээр ангийн суралцагчид аймаг болон бүс, улсын хэмжээнд математикийн олимпиад, уралдаанд чамгүй амжилт үзүүлжээ. 2018-2019 оны хичээлийн жилд гэхэд тус сургуулийн нийт суралцагчдын 87 хувь нь математикийн хичээлд өндөр оноо авсан байна. Түүнчлэн бусад байгалийн шинжлэх ухааны хичээлүүд дээр хүүхдүүдийн тогтоолт сайжирч цэгцтэй сэтгэх, хурдтай ойлгох чадвар нь нэмэгдэж байгаа талаар Сонгино сумын сургуулийн захиргаанаас мэдээлэв.

Эцэг эхийн өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг

Сонгино сумын сургууль “Эцэг эхийн өдөр” судалгаат хичээлийн үйл ажиллагааг анх 2016 оноос эхэлж жилд хоёр удаа зохион явуулдаг болжээ.

Эцэг эхийн өдрийн гол ажил нь судалгаат хичээлийг зохион явуулах юм. Энэхүү судалгаат хичээлд энэ хичээлийн жил давхардсан тоогоор 394 эцэг, эх, асран хамгаалагч оролцжээ. Энэхүү хичээлийн зорилго нь хүүхдүүдийнхээ сурч судалж буй хичээлд эцэг эхчүүдээс үнэлэлт дүгнэлт өгөх, харилцан санал авах, багш нарын заах аргыг хэрхэн яаж өөрчлөх гээд багш, эцэг эхийн хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг аж. Үүний үр дүнд хүүхэд бүр төлөвших хичээлдээ дур сонирхолтой болох олон талын ач холбогдолтой ажээ.

Түүнчлэн тус сургуулийн захиргаанаас сум, сургуулийн түвшинд зохион байгуулсан аливаа үйл ажиллагааг суралцагчид, эцэг эх, хамт олон, нийт иргэнд тайлагнан танилцуулдаг уламжлалтай. Тодруулбал жилд нэгээс хоёр удаа багуудын хуралд оролцож, сургуулийн тайланг тавьдаг ба өнгөрсөн жил 2700 гаруй малчин, иргэнд тайлангаа тавьжээ. Ингэснээр малчид өөрсдийн үр хүүхдүүдээ ямар орчинд сурч хүмүүжиж, ямар сургалт авч байгаатай танилцах боломж олгодог байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, төрийн болон ТББ-уудтай нягт хамтран ажиллахын зэрэгцээ тэдний оролцоо, үүргийг сургуулийн сургалт, хүмүүжлийн ажил руу чиглүүлж ажилласан нь үр дүнгээ өгч байна хэмээн Сонгино сумын сургуулийн захиргаанаас нэмж дуулгав.

Холбоотой мэдээ