Сүрэг үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цавын нуруу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-08 21:20:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутгаар аялахыг хүссэн хүмүүсийн заавал үзэх ёстой газрын нэг нь Шар цавын үлэг гүрвэлийн мөр билээ. Уг ховор олдвор бүхий газар нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байдаг.

Анх 1995 онд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатарын ахалсан Монгол-Японы судалгааны баг нээсэн юм. Тухайн үед хээрийн судалгааны ажил дуусч байсан учраас нарийн судалгаа хийгээгүй байна. 1996 онд нарийн судалгаа хийж, дөрөв, таван удаа хээрийн судалгааны анги энэ нутагт ажилласан байдаг. Дэлхий дээр олддог бусад мөрт газраас маш их онцлогтой гэж судлаачид үзсэн байна. Учир нь нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн мөр нь тухайн бүс нутагт хадгалагдан үлдсэн байдаг. Түүгээр ч барахгүй мөр бүхий үе давхаргаас тун холгүй үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон юм.

Тус газраас хэмжээгээрээ дэлхийд гуравт орох, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг олсон бөгөөд уг мөр нь уртаашаа нэг метр 10 орчим см ажээ. Үүнийг аварга өвсөн идэшт гүрвэл зауроподын бүлэгт багтах амьтны мөр гэж тогтоогдсон байна. Зауроподын бүлэгт хамрагдах амьтад том байдаг ба 30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр ч хүрдэг гэж үздэг байна. Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий энэхүү газрыг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилтээр аялал жуулчлалыг хөгжүүлэхээр  хамгаалалтын байгууламжуудыг бариад байна.

Холбоотой мэдээ