Турк тоног төхөөрөмжтэй гурилын үйлдвэр нээгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Alapala үйлдвэрийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжөөр хоногт 120 тонн, жилд 40.000 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай "Өсөг" гурилын үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ.
"Энсада" компанийн энэхүү үйлдвэр нь иргэдийн хэрэгцээг хангах сайн гурил үйлдвэрлэж эх орныхоо гурилын хэрэгцээг хангах бөгөөд улаан буудайн бүх төрлийн гурил үйлдвэрлэх юм байна. Мөн тус компани шинээр 80 ажлын байр бий болгожээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Монголын үндэсний тариаланчдын холбооны тэргүүн Ж.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс гурилын үйлдвэрийн нээлтэд оролцлоо.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Үйлдвэржилт 21:100”, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байна.