Цэцэрлэгийн хүүхдүүдэд үлгэрийн ном уншиж өгөх үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-05 22:12:17

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг дахь Боролдой номын дэлгүүрээс энэ сарын хоёрны өдөр буюу дэлхийн үлгэрийн хаан гэгдэх Ханс Кристиан Андерсаны мэндэлсэн өдрөөс эхлэн цэцэрлэгийн хүүхдүүдэд шинэ үлгэрийн номыг хоёр дахь жилдээ уншиж өгөх үйлчилгээгээ үзүүлж эхэлжээ. 

Ирэх зургаадугаар сарын нэгэн хүртэл долоо хоног бүрийн тав дахь өдөр тус номын дэлгүүрийнхэн цэцэрлэгт очиж хүүхдүүдэд үлгэрийн ном уншиж өгөх үйлчилгээгээ эхлүүлээд буй аж. Энэ жилийн эхний уншилгыг Улиастай сумын IV цэцэрлэгийн дунд насны бүлгийн хүүхдүүдэд уншиж өгсөн байна.

Боролдой номын дэлгүүр Олон улсын хүүхдийн номын өдөрт зориулан энэ сарын 1-5-нд хүүхдүүдэд үлгэрийн номоо хямдруулан бэлэгтэй худалдааг мөн зохион байгуулжээ. Бэлэгтэй номын худалдаанд Улиастайн 70 орчим эцэг эх хүүхдүүдээ дагуулан иржээ. Боролдой номын дэлгүүр энэ өдрийг хүүхдийг номтой нөхөрлүүлье уриатайгаар ийнхүү хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлжээ.

Дашрамд дуулгахад, 1967 оноос эхлэн Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр аугаа их хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу  дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдрийг зарим улс оронд хүүхдийн номын үзэсгэлэн гаргаж, хүүхдүүдэд ном үнэгүй бэлэглэх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдэд бага наснаас нь номд дуртай болгон хүмүүжүүлэх явдал юм. Манай улсын хувьд хүүхдийн зохиолчид хуруу дарам цөөн байдаг. Харин сүүлийн үед гадна дотны олон зохиолууд орчуулагдан гарч байгаа хэдий ч залгамж халаа болсон залуу зохиолчид ховор байгааг ахмад зохиолчид онцолжээ.

Холбоотой мэдээ