Өмнөд Солонгос болон АНУ-ын тэнгисийн цэргүүдийн сургуулилт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-22 12:41:44

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгос болон АНУ хоёр орны Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудын дөрвөн өдрийн хамтарсан сургуулийг эхлүүллээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэ сургуулилт нь тус улсад хийж буй Өмнөд Солонгос-Америкийн хамтарсан “Foal Eagle” сургуулийн нэг хэсэг юм.

“Шар болон Япон тэнгист хийж буй сургуулилтад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч “Жон Стеннис” атомын хөлөг онгоцыг оруулаад хоёр талаас 50 орчим хөлөг онгоц болон шумбагч онгоц, мөн нисэх онгоцууд оролцож байна” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам онцлон тэмдэглэжээ. Хамтарсан сургуулилтын хүрээнд дайсны шумбагч онгоцууд, агаарын байнууд болон хөлөг онгоцуудыг хайж, устгах тактик боловсруулахаас гадна байлдааны буудлага хийнэ.

“Foal Eagle” сургуулилт гуравдугаар сарын 7-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн сургуулилтад Өмнөд Солонгосын 300 мянга гаруй, Америкийн 15 мянган цэрэг оролцож байгаа бөгөөд Үйл ажиллагааны 5015 төлөвлөгөө гэж нэрлэсэн төлөвлөгөөг боловсруулахад чиглэжээ. Уг төлөвлөгөөний гол зорилго нь Пхеньяны үй олноор нь хөнөөх зэвсгийг устгах болон Умард Солонгосын зүгээс халдсан тохиолдолд сэрэмжлүүлэх цохилт өгөхөд бэлтгэх юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ