Талоноор хүнс авдаг иргэдэд хөгцөрсөн, хөлдсөн бүтээгдэхүүн өгдөг талаар гомдол иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-04 21:03:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан болж, 70321111 утсаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлтэй танилцлаа.

Өнгөрсөн долоо хоногт БОЭТ, ОБГ, Арвайхээр сумын ЗДТГ, Цагдаагийн газар, ХХҮГ, Эрчим хүчтэй холбоотой нийт 21 санал, гомдол иржээ. Мэдээллээс авч үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамжийн мөнгийг авах гээд очихоор санхүүжилт дууссан гэх, БОЭТ-д үзүүлэх дугаарыг заавал үзүүлэх өдрөө ав гэх юм. Үүнийг өмнөх өдөр нь авдаг болгож болохгүй юу?, асаргааны мөнгө орохгүй байна гэхчлэн гомдол гаргасан байна.

Мөн “Төв халуун усны цэвэрлэгээ үйлчилгээ муу, хүн усанд ороод гарсны дараа өрөөнд цэвэрлэгээ хийлгүй дараагийн хүнийг оруулдаг” гэх иргэний гомдлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд дунд эрсдэлтэй буюу цэвэрлэгээ үйлчилгээний шаардлага хангаагүй, бохирдол ихтэй, өрөө тасалгааны темпаратур байх ёстой хэмжээнд хүрээгүй зөрчлүүд илэрч, иргэдийн гомдол батлагдсан байна.

Хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн авдаг иргэд "Өшгөг" дэлгүүрээр үйлчлүүлэхэд зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо хөлдсөн байдаг. Буцаалт хийх гэхээр буцаадаггүй, худалдагч нар нь "үнэгүй өгч байгаа юмыг дуугүй авбал ав, байвал бай" хэмээн загнадаг болохыг 70321111 утсанд мэдээлжээ. Хүнсний талоноор амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эцэг эхчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэвчлэн үйлчлүүлдэг. Гэвч хүнсний дэлгүүрүүд хүнд нь таарсан үйлчилгээ үзүүлдэг тухай гомдол, санал дээрх утсаар багагүй ирээд байгаа юм.

Холбоотой мэдээ