Брекситийн хугацааг хойшлуулахыг үүрэг болгосон хуулийн төсөл баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-04 12:11:57

ЛОНДОН. /TASS/. Брекситийн хугацааг дахин хойшлуулах хүсэлтийг Европын Холбоонд /ЕХ/ тавихыг Засгийн газарт үүрэг болгох тухай хуулийн төслийг Их Британийн парламентын Нийтийн танхим лхагва гарагийн орой гурав дахь хэлэлцүүлгээр баталжээ.


Уг хуулийн төслийг батлахыг депутатуудын 313 нь дэмжиж, 312 нь эсэргүүцсэн байна. Санал хураалтыг парламентын телевизийн сувгаар шууд дамжуулжээ.


Дээрх хуулийн төслийг Нийтийн танхим яаралтай журмаар ердөө нэг өдрийн дотор хэлэлцэн баталжээ. Одоо уг хуулийн төслийг Лордуудын танхим баталж, Их Британийн хатан хаан II Елизавета гарын үсэг зурах ёстой бөгөөд энэ долоо хоногийн эцэс гэхэд хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.


Үүний дараа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тус улс ЕХ-ноос гарах эцсийн хугацааг шинээр товлох ёстой юм. Дараа нь тэрбээр парламентын зөвшөөрлийг авч, холбогдох хүсэлтийг ЕХ-нд тавина.


Их Британийн парламент Тереза Мэйн Засгийн газрын өргөн барьсан гэрээний төслийг хоёр ч удаа /нэгдүгээр сарын 15 болон гуравдугаар сарын 12/ хэлэлцээд батлаагүй юм. Үүнтэй холбоотойгоор ЕХ-ны гишүүн 27 орны төр, засгийн тэргүүн нар Брюссельд уулзах үеэр Брекситийн хугацааг боломжит хоёр хувилбараар буюу Их Британийн парламент Брюссельтэй зөвшилцсөн гэрээний төслийг баталсан тохиолдолд тавдугаар сарын 22 хүртэл, хэрэв батлахгүй бол дөрөвдүгээр сарын 12 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ. 


Холбоотой мэдээ