“Рио-2016” олимпийн тэтгэлэгт тамирчдад тэтгэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-22 12:05:19

"Рио-2016" тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан чөлөөт бөх, хүндийг өргөлтийн спортын тамирчид, дасгалжуулагчид тэтгэлгээ гардаж авлаа.

Тэднийг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн, МҮОХ-ны дэд eрөнхийлөгч, "Рио-2016" зуны XXXI олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар болон МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар хүлээн авч уулзан, санал солилцжээ. “Рио-2016” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан олимпийн спортын төрлөөр хичээллэж байгаа олимпийн эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос тус тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан юм.

МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн. Тус шалгаруулалтад нийт 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон юм. Уг тэтгэлгийг улирал тутамд олгодог бөгөөд 500-1000 ам.доллар байдаг. Хөтөлбөрт хамарч буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох эсвэл олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.

“Лондон-2012” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлтийн спортын төрлийн 10 тамирчин хамрагдаж байсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ