Х.Алия: Өсвөр насны охидын жирэмслэлтэд гэр бүлийн хүрээний хүмүүс холбогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-04 13:54:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийн нөхцөл байдал болон мэргэжлийн байгууллагаас энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Х.Алиятай ярилцлаа.


- 2017 онд хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын бүтцэд улсын байцаагчийн орон тоо бий болгосон байдаг. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн үндсэн үүрэг юу вэ?

- Хүүхдийн эрхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан улсын байцаагчтай болсон. Одоо Монгол Улсын хэмжээнд 38 байцаагч үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн үүрэг нь хүүхдүүдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил илрүүлэн шалгах. Үүнээс өмнө хүүхдийн эрхийн зөрчил гараад байдаг ч хяналт тавих субъект байхгүй байсан. Харин одоо хүүхдийн эрх хаана, яаж зөрчигдөж байна гэдэгт хяналт тавьж, нуугдмал байсан зөрчлүүдийг илрүүлэн шалгах боломж бүрдсэн.

- Хүүхдийн эрхийн улсын байцаагч бусад салбарын улсын байцаагч нарын адил зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох эрхтэй юу?

- Зөрчлийн тухай хуулийн 6.20 дахь хэсэгт хүүхдийн эрхийн зөрчил гаргасан этгээдэд ямар хариуцлага тооцохыг хуульчилж өгсөн. Миний хувьд 2018 онд хүүхдийн эрх зөрчигдсөн хоёр тохиолдлыг илрүүлэн шалгасан байгаа. Он гарснаас хойш хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглох тухай Засгийн газрын тогтоол болон аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулсан зөрчлийг илрүүлэн шалгасан. Энэ асуудал өнгөрсөн сарын 21-ний өдөр Ногооннуур суманд гарсан бөгөөд холбогдох хүмүүст торгууль оногдуулсан байгаа.

- Баян-Өлгий аймагт хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол хэр олон гарч байна?

- Өнгөрсөн онд хүүхдийн тусламжийн 108 утсанд тус аймгаас хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаар 74 дуудлага ирсэн байгаа. Үүнээс гурван дуудлага давхардсан байсан. Мөн 35 дуудлага боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, 23 нь гэр бүл дэх хүүхэд хамгаалал, зургаа нь бэлгийн хүчирхийлэл, тав нь олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал, хоёр нь эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой, үлдсэн зургаа нь бусад асуудлаар дуудлага өгсөн байдаг. Манай аймгийн хувьд боловсролын салбарт хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж байгаа.

- Сургууль, цэцэрлэгийн орчин гэсэн үг үү?

- Тийм. Үе тэнгийн хүүхдүүд бие биеэ дарамтлах, багш сурагчдын хоорондох үл ойлголцол зэргээр зөрчлүүд үйлдэгдэж байна. Сумын хүүхдүүдийн чуулган, аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг жил бүр зохион байгуулдаг. Тус чуулганы үеэр хүүхдүүд эрхийг нь зөрчсөн маш их асуудлыг гаргаж ирж байгаа. Жишээлбэл, багш нар хүүхдүүдэд ялгавартай ханддаг, шударгаар дүн тавьдаггүй, хүүхдийг гаднах үзэмжээр нь үнэлдэг, эцэг эхийнхээ баян ядуугаар нь ялгаварладаг зэрэг асуудлыг хөндөж байна. Гэхдээ багш нартай нь уулзаж шалгахад нотлогддоггүй хүндрэл бий. ЭЕШ-д оруулаагүй гэсэн маш олон гомдол ирж, бид заримыг нь газар дээр нь очиж зохицуулж байлаа. Энэ мэт асуудлууд байгаа. Түүнээс гадна дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. Жишээлбэл хүүхдүүд гар нүүрээ тогтмол угааж чаддаггүй.

- Орчин бүрдээгүй юу?

- Орчин нь байна. Угаалтуур нь байна. Гэхдээ дотуур байрны ажилтнууд угаалгын газрыг тодорхой цагаар л ажиллуулдаг тул дээрх асуудал үүсэж байгаа. Нөгөө талаар эцэг эхчүүдийн хүүхдэд тавих хяналт сул байна. Тэд нар маань өглөө гэрээсээ гараад орой ирнэ. Тэр хооронд хүүхэд нь хаана, юу хийж яваа талаар мэдээлэлгүй байдаг. Сургуульд нь явж байна уу, хэнтэй найзалж, үерхэж байна, номын санд сууж байна уу, сонгох хичээлдээ явж байна уу гэдгийг мэдэхгүй. Түүнээс болж хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, аюулд өртөх эрсдэл өндөр байна.

- Дээр та сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөх асуудал гардаг ч нотлогдохгүй байна гэж хэллээ. Энэ асуудлыг цаашид яаж шийдвэрлэхээр ажиллаж байна?

- Манай газрын зүгээс сургуулийн захирал, нийгмийн ажилтантай гэрээ байгуулсан. Одоо хяналт тавьж ажиллаж эхэлсэн байгаа. Үр дүн гарна гэж бодож байна.

- Саяхан аймгийн төвийн цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтын мөрөөр ямар арга хэмжээ авсан вэ?

- Шалгалтыг Цагдаагийн газартай хамтарч хийсэн. Агааржуулалт, гэрэлтүүлэг, орчны ариун цэвэр муу, хүүхдүүд гэмтэж бэртэх эрсдэлтэй зэрэг зөрчлүүд илэрсэн. Шалгалтын мөрөөр зөрчил арилгуулах зөвлөмж хүргүүлсэн бөгөөд биелэлт нь одоо ирж байна. Жилийн эцэст дахин шалгалт хийнэ. Зөрчлүүд давтагдвал хуулийн хүрээнд арга хэмжээг авах болно.

- Манай аймагт хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох орчин нь бүрдсэн гэж үзэж байна уу?

- Орчин нь бүрдсэн. Гэхдээ дутагдалтай зүйлүүд бас байгаа. Хүүхэд харах үйлчилгээ үзүүлж буй газруудаас жишээ авахад, стандартын шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа, мөнгө л авч байвал бусад нь хамаагүй гэсэн хандлагатай хүүхэд харагч нар байна. Наад зах нь зуухныхаа эргэн тойронд хамгаалалт хийгээгүйгээс хүүхэд түлэгдэх өндөр магадлалтай. Тийм учраас эцэг эхийн зөвлөл байгуулж энэ мэт асуудлуудад олон нийтийн хяналтыг сайжруулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Баярлууштай зүйл бол сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн тухай эцэг эх, хүүхдийн мэдлэг сайжирсан. Сурагчдын зуны амралт эхлэхээс өмнө эцэг эхчүүдийн зөвлөгөөн зохион байгуулахаар ажиллаж байна. Яагаад гэвэл, зуны амралтын үеэр хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, өсвөр насны охидын жирэмслэлт гарах эрсдэл маш өндөр байдаг.

- Зуны улиралд хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэл өндөр байгаа нь тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байхгүйтэй холбоотой биш үү?

- Тийм ээ. Тухайлбал хүүхдийн асуудал эрхэлсэн манай байгууллагын хувьд өөрийн гэсэн байргүй, Ахмадын ордны гурван давхарт гурав, дөрвөөрөө чихэлдээд сууж байна. Хэрвээ Хүүхдийн ордонтой байсан бол хүүхдүүд чөлөөт цагаараа янз бүрийн дугуйланд хамрагдаж, өөрийгөө хөгжүүлж, хамгаалуулах ёстой юм. Аймгийн хэмжээнд ганцхан "Зоост" лагерьтай. Хүүхдүүдэд өөр очих газар байхгүй шүү дээ. Хүндрэлтэй асуудлууд олон байна.

- Өсвөр насны охидын жирэмслэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- 2014 оноос өмнө манай аймагт өсвөр насны охидын жирэмслэлтийн асуудал бүртгэгддэггүй байсан. Мэр сэр гардаг л байх. Гэхдээ өнөөдрийнх шиг сэтгэл эмзэглүүлсэн асуудал биш байлаа. 2018 онд л гэхэд манай газарт насанд хүрээгүй охин жирэмсэн болсон долоон тохиолдол бүртгэгдсэн. Охидын жирэмслэлт өсөх хандлагатай байна. Үүнд дүн шинжилгээ хийж үзэхэд харамсалтай нь дандаа ойр орчмын, төрөл садангийн хүмүүс холбогдож байна. Бэлгийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгдээд байна. Хүргэн ах нь, хойд эцэг нь, бүр төрсөн дүү нь холбогдсон жишээтэй. Үүнд нэгдүгээрт манай ард түмний уламжлалт зан заншил, охидын сайхан хүмүүжил алдагдаад байгаа нь нөлөөлж байна. Мөн интернэтийг зөв зохистой, соёлтой ашиглаж чадахгүй байгаа, эцэг эхийн хяналт сул байгаа нь бас сөрөг нөлөөлж байна. Манай эцэг эхчүүд, ялангуяа эхчүүд охидтой яг өөрийнхөө дотно найз нь шиг илэн далангүй ярилцах хэрэгтэй. Наад зах нь сарын тэмдэг нь сар бүр ирж байна уу, хэнтэй үерхэж байна, хэнтэй найзалж байна, сэтгэл санаа, зан араншинд нь ямар өөрчлөлт орж байна гэдгийг тогтмол асууж, ажиглаж байх хэрэгтэй. Одоогийн хүүхдүүд сэтгэл санааны хувьд маш эмзэг болсон. Юм болгоныг эмзэгээр хүлээж авдаг, ялимгүй юманд сэтгэл санаагаар унадаг.

- Энэ жил өсвөр насны охин жирэмсэн болсон тохиолдол бүртгэгдсэн үү?

- Он гарснаас хойш 17 настай охин жирэмсэн болсон тохиолдол бүртгэгдсэн.

- Ийм асуудал сургуулийн дотуур байранд гарсан тохиолдол байна уу?

Аймгийн 13 сумаар явж ажиллахад дотуур байранд дээрх асуудал гараагүй. 2014-2018 онд манай аймгийн сургуулиудын дотуур байруудад Норвегийн тусламжийн байгууллагын "Хүүхдийн эрх, хөгжил ІІ" төсөл хэрэгжсэн шүү дээ. Тус төсөл оюуны чиглэлээр маш их хөрөнгө оруулсан. Дотуур байрны жижүүр, багш нар, сурагчид "Хүрэхүйн тухай ярилцъя" сургалтад хамрагдаж тодорхой ойлголттой болсон. Жишээлбэл одоо дотуур байранд амьдарч байгаа тавдугаар ангийн сурагчаас асуухад, аав бол миний биеийн тэр хэсэгт хүрэх ёстой, харин танихгүй хүн хүрэх ёсгүй зайнаас харилцана гэдэг хүмүүжилтэй болсон байгаа. Энэ боломжийг ашиглан төслийн хамт олонд талархал илэрхийлмээр байна.

- Өсвөр насны охид үр хөндүүлдэг асуудал гарч байна уу?

- Зарим эцэг эхчүүд нууж үр хөндөлт хийлгээд, тэр нь цагдаагийн байгууллагад ч, манай байгууллагад ч бүртгэгддэггүй асуудал байсан. 2018 оноос үүнийг  таслан зогсоож байгаа.

- Яаж таслан зогсоох вэ?

- Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран эмч нар өсвөр насны охидод үр хөндөлт хийсэн тохиолдолд заавал мэдэгдэх зохицуулалт хийсэн. Манай зарим иргэн ийм асуудал тулгарахад ил гаргаж дэвэргэхгүй, эхчүүд болохоор аавд нь мэдэгдэж болохгүй, нэр хүндийн асуудал гэх мэтээр нууж хаагаад явдаг байсан. Одоо сургуулийн орчинд тийм асуудал гарлаа гэхэд энэ талаар мэдсэн анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтан нэн даруй 108 утсанд мэдэгдэх үүрэг хүлээдэг.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн асуудал бас хурцаар тавигдаж байгаа. Энэ талаарх таны бодлыг сонсъё.

- Манай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн байдаг. Хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдтэй тулж ажиллаж байгаа. 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд  хөгжлийн бэрхшээлтэй 492 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь зөрчигдөж байгаа. Орчин байхгүй. Ганцхан  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв үйл ажиллагаа явуулдаг байсан ч одоо үйл ажиллагаа нь зогссон. Сургуулиудад болохоор харааны шил зүүдэг хүүхдүүдийг урд нь биш хойшоо суулгачихдаг асуудал байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эрүүл хүүхдүүдийн адил харьцах зарчим мөрдөгдөхгүй байгаа. Тэдэнд боловсрол олгох тусгай цэцэрлэг, сургууль байхгүй. Манай мэргэжилтэн жилд нэг удаа эцэг эхчүүдтэй хамтарч сургалт явуулдаг. Санхүүгийн боломжоос шалтгаалан тэр ажил нь заримдаа орхигддог тохиолдол бас байна. Албан байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, бие засах газар, гудамжуудад зам байхгүй. Мэргэжлийн байгууллагууд барилга барихад энэ дэд бүтцийн асуудалд анхаарал хандуулмаар байна.   

- Хүүхдүүд зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гардаг уу?

- Гайгүй байгаа. Цагдаагийн байгууллага, холбогдох бусад байгууллага хамтран "Өсвөрийн цагдаа", "Цагаан шугам, ногоон гэрэл"  зэрэг арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна.   

- Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авах шаардлагатай байна?

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд гарсан. Эдгээр хуулиуд  нарийн зохицуулалттай. Мөн өнгөрсөн онд тус аймаг дахь Цагдаагийн газрын дэргэд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан. Тэнд манайхаас нэг сэтгэл зүйч, нэг нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Үр дүн гарч байна. Хамтарсан баг нь ажиллаж байгаа. Төрөөс цалин авдаг хариуцсан албан тушаалтнууд нь ажлаа хийж байна. Хамгийн гол нь эцэг эхчүүд, олон нийтийн оролцоо л чухал байна. Миний хүүхэд сайн байвал бусдын хүүхдэд юу тохиолдсон ч бидэнд хамаагүй гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй.

- Баярлалаа!

 


 

Холбоотой мэдээ