Тэс сумын Эрүүл мэндийн төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр сувилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-04 12:18:18

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тэс сумын Эрүүл мэндийн төвийн дэргэдэх хүүхдийн сувилал амрагч хүүхдүүдээ тавдугаар сарын 25-наас эхлэн хүлээн авахаар болжээ. Өнөөдрийн байдлаар өөрийн сумын 10 гаруй хүүхэд сувилуулж байна.

Эднийхэн жил бүрийн тавдугаар сарын сүүлээс эхлэн наймдугаар сарын 25 хүртэл 0-3 насны суурь өвчтэй, өвчлөх эрсдэлтэй хүүхдүүдийг гурван ээлжээр хүлээн авч эмчилдэг байна. Эмчилгээг 10 хоног шар сүү, айргаар арчих, тосон болон сүүн иллэг массаж, толгойн бариа, элсэн дээр тоглуулах, наран шарлага, агаарт гаргах усаар чийрэгжүүлэх, хоол эмчилгээ, витаминжуулалт, шаардлагатай хүүхдүүдэд эмийн эмчилгээг хийдэг ажээ.

Энэ жилийн тухайд мөн л тойргийнхоо сумдын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр хүлээн авч үйлчлэхээр болжээ. Хүүхдийнхээ хоолонд ихэд анхаарч өөрсдийн гараар тарьсан хүнсний ногоо, сүү цагаан идээгээр аль болох эмийн бус аргаар сувилдаг нь онцлог давуу тал болж эмчилгээ нь ч үр дүнтэй болдог байна. 

2013 оноос эхлэн өөрсдийн санаачилгаар хүүхдийн сувилал нээн ажилуулсан нь олон эцэг эхийн талархлыг хүлээгээд зогсохгүй аймагтаа анхдагч хэвээр байна. Мөн сувилал ажиллаж эхэлснээр сумандаа жил бүр хүүхдийн суурь өвчлөлийг багасгаад зогсохгүй сүүлийн таван жил дараалан хүүхдийн томуу, томуу төст өвчний гаралт буурч аймгийн дунджаас бага гарсан тухай Тэс сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв. 


Холбоотой мэдээ