"Говийн жонон" бүжгийн наадам 29 дэх жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-02 14:24:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Г.Дорж агсны нэрэмжит "Говийн жонон" бүжгийн наадмыг 29 дэх жилдээ зохион байгууллаа.

МУСТА бүжиг дэглээч Г.Дорж агсан Говийн жонон бүжгийг анх 40 жилийн өмнө дэглэн тайзнаа амилуулж байсан бол түүний нэрэмжит "Говийн жонон" бүжгийн наадмыг ийн 29 дэх жилдээ тус аймгийн ЗДТГ, БСУГ, ХЖТ, НАМЗХ хамтран амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадам нь сурагчдын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг соёлын алдартнуудаа мөнхжүүлэн, үйл хэргийг нь залгамжлуулах зорилготой юм. Уг наадамд 9 сумын 15 сургууль, 13 цэцэрлэгийн 420 гаруй сурагч, хүүхэд багачууд авъяас чадвараа сорин өрсөлджээ.

Энэ дашрамд дуулгахад, Өмнөговь аймаг 2019 оныг салбарын хүрээнд "Соёлыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан энэ жил соёлын салбарт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд аймгийн төвд 850 хүний суудалтай ХЖТ, музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн "Соёлыг дэмжих жил"-ийн нээлтийн үеэр 15 сумын Соёлыг төвд пургон машиныг гардуулан өгч, сум бүрийн соёлын төвийг 15 сая төгрөгийн техник хэрэгслээр хангахаар болсон билээ.

Холбоотой мэдээ