Цахилгаан тасарсантай холбогдуулан жагсахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-28 12:44:56

КАРАКАС. /BBC/. Венесуэл даяар цахилгаан хангамж тасарсантай холбогдуулан гудамжинд гарч, жагсаал цуглаан өрнүүлэхийг сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийн дэмжигчдэдээ уриалсан байна.


Мөн тэрбээр дэмжигчдэдээ хандан Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагах зорилго бүхий эцсийн цохилт өгөхөд бэлтгэлтэй байх хэрэгтэй хэмээн хэлжээ.


Венесуэлд энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн цахилгаан тасарч эхэлсэн юм. Цахилгаан тасарсан нь эмнэлгүүд, нийтийн тээврийн хэрэгслүүд, ус болон бусад үйлчилгээнүүдэд нөлөөлж буй нь эдийн засгийн хямралыг улам дордоход хүргэж байна.


Н.Мадуро цахилгаан хангамж тасарсан явдалд сөрөг хүчнийхэн болон АНУ-ын хорлон сүйтгэх ажиллагааг буруутгаж байгаа юм. Харин сөрөг хүчнийхэн цахилгаан хангамж тасарсныг хорин жилийн турш хөрөнгө оруулалт хангалтгүй байсан хийгээд Венесуэлийн социалист Засгийн газрын хээл хахуультай холбоотой хэмээн үзэж байгаа юм.


“Ундны ус, цахилгаан хангамж, ахуйн хийгээ буцаан авахын тулд муж бүрт, суурин бүрт тэмцэл өрнүүлэх хэрэгтэй” гэж Х.Гуайдо хэлсэн байна. “Гэрэл гэгээ үгүй боллоо. Бид идэвхгүй байж таарахгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.


“Жагсаал цуглаан энэ долоо хоногийн бямба гарагт болно” хэмээн Х.Гуайдо мэдэгдсэн боловч үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ