Автоматжуулалтын улмаас олон хүн ажлын байраа алдаж магадгүй

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-27 13:07:35

АТЛАНТА. /CNN/. Их Британид автоматжуулалтын улмаас 1.5 сая хүн ажлын байраа алдах эрсдэлтэй байна гэж тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлсэн байна. Автоматжуулалтад хамрагдах ажлын байрны 70 хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг ажил эзэлж байгаа ажээ.


Түүнчлэн цагийн ажил болон мэдлэг, туршлага багатай залуусын хийдэг ажлыг автоматжуулалт орлох өндөр эрсдэлтэй байгаа аж. Үндэсний статистикийн газар 20 сая хүний ажлын байранд дүн шинжилгээ хийж, тэдний 7.4 хувь нь ажлын байраа алдах өндөр эрсдэлтэй байгааг олж тогтоосон байна.

 

Ажилтнуудын гүйцэтгэдэг үүргийг технологиор орлуулсныг автоматжуулалт гэж тодорхойлж байна. Үүнд компьютерийн программ, алгоритм төдийгүй роботууд багтаж байгаа юм.


Автоматжуулалт орлож болох хамгийн өндөр магадлалтай 3 ажилд зөөгч, борлуулалтын ажилтан, тавиурын эгнээг дүүргэдэг ажилтнууд багтаж байгаа бөгөөд эдгээр ажил нь ямар нэгэн ур чадвар шаарддаггүй, ээлжийн ажил аж.


Хамгийн бага эрсдэлтэй ажилд эмч, их дээд сургуулийн багш, боловсролын салбарын мэргэжилтнүүд багтжээ. 

Холбоотой мэдээ