Багш, сурагчид малчиддаа өвс хүргэж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-21 13:49:12

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн багш, сурагчид малчдад өвс тэжээлийн дэмжлэг хүргэсэн байна.

Зузаан цастай хүндхэн өвлийг давсаны ар дээр малчдад малын өвс тэжээл ихээр шаардагдаж байгаа юм. Ийм үед малын өвс тэжээлээр туслах нь малчдад хамгийн оновчтой тусламж болно гэж үзээд “Говийн ирээдүй” сургуулийн залуучуудын зөвлөл хандивын аян зохион байгуулсан байна. Хандиваар 630 гаруй мянган төгрөг цуглуулан, 70 гаруй боодол өвс худалдан авсан бөгөөд түүнийгээ Сайнцагаан сумын Үйзэн багийн 20 малчин өрхөд хүргэж өгчээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 15-ныг залуучуудын өдөр болгосонтой холбогдуулан тус сургуулийн Залуучуудын зөвлөл энэ удаад ийнхүү ийнхүү малчдад туслах ажлыг санаачлан зохион байгуулсан ажээ. Залуу багш нарын ажилд О.Ариунаа багштай 10-ын А ангийн сурагчид идэвхитэй оролцож, хамтран зохион байгуулсан гэж сургуулийн нийгмийн ажилтан Н.Одончимэг хэллээ. Мөн тус сургуульд “Нэг сурагч- нэг нэмнээ” аян өрнөж байгаа гэлээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ