"Өвсний үндэс" төслийн дэмжлэгээр Түмэнцогт сумын цэцэрлэгийг засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-21 23:55:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока энэ сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт ажиллалаа.

Тэрээр Сүхбаатар аймгийн өргөн уудам тал нутаг сэтгэл татам байгааг онцлон Япон улсаас хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” төслийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж байгаа аймгийн удирдлагуудад талархал илэрхийлээд, энэ онд Түмэнцогт сумын хүүхдийн цэцэрлэгт 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн юм.

Элчин сайд Масато Такаокаг аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат болон Засаг даргын орлогч, холбогдох албаны хүмүүс хүлээн авч аймаг орон нутгийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Өргөн уудам нутагтай энэ нутагт анх удаа ирээд сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж "Өвсний үндэс" төслийн хүрээнд 11 бичил төсөл энэ аймагт хэрэгжсэн. Үүнээс голлох салбар гэвэл боловсрол, эрүүл мэндийн салбар байгаа. Ялангуяа сургууль цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулахад тус болно гэдэг маань Монгол орны ирээдүй хойч болсон хүүхэд багачуудад маш том хөрөнгө оруулалт болсон гэж боддог. Ер нь орон нутагт хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн хангалттай сайн байдаг. Тиймээс цаашид хэрэгжүүлэх төслүүд дээрээ ч мөн Сүхбаатар аймагтай хамтарч ажиллахдаа таатай байх болно хэмээн Элчин сайд Масато Такаока хэлжээ.

 

“Өвсний үндэс” төсөл нь Сүхбаатар аймагт 1998 оноос хойш тасралтгүй амжилттай хэрэгжиж байгаа юм. Эмнэлгийн барилгыг засварлах ба эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гүний худаг гаргах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэргэжлийн сургалт явуулах, эмэгтэйчүүдийг чадваржуулах мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг ажлуудыг энэ хугацаанд хийжээ. Тэрээр уулзалтын дараа Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандийн хийд болон Угсаатны зүйн музей, Цайрт минераль ХХК-ийн үйл ажиллагаатай болон малчны хоттой танилцжээ.

 

Холбоотой мэдээ