Японы Олимпын хорооны ерөнхийлөгчийг шүүх хурлаар оруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-03-20 11:18:23

ТОКИО. /NHK/. Японы Олимпын хорооны ерөнхийлөгч Цүнэкацү Такэдаг шүүх хурлаар оруулах эсэх асуудлаарх урьдчилсан хэлэлцүүлэгийг Францын шүүх явуулна.


2020 оны Олимп, паралимпын наадмыг Токио хотноо зохион байгуулах эрх авахын тулд авлига өгсөн хэрэгт оролцсон байж болзошгүй хэмээн Францын хууль сахиулагчид Ц.Такэдаг сэжиглэж байгаа юм. Түүнийг 2013 онд Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлбөр хэмээн 2 сая ам.долларыг Сингапурын нэгэн компанид олгохыг зөвшөөрсөн хэрэгт сэжиглэж байгаа аж.


Хууль сахиулагчдын хэлснээр, тухайн үед дээрх компани нь Олон улсын Олимпын хорооны гишүүний хүүтэй холбоотой байсан ажээ. Уг гишүүн нь Олимпын наадмыг зохион байгуулах хотыг сонгоход нөлөө үзүүлж чадах тул уг төлбөрийг авлига хэмээн үзэж байгаа юм.


Ц.Такэдагийн хувьд дээрх мэдээллийг үгүйсгэж, уг мөнгө нь зөвлөх үйлчилгээний төлбөр байсан гэж мэдэгджээ.


Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүх уг мөнгийг төлбөр аль эсвэл авлига гэж үзэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. Францын шүүх байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, шаардлагатай бол Ц.Такэдаг байцааж магадгүй аж.  


Өдгөө 71 настай Ц.Такэда Олимпын хорооны ерөнхийлөгчийн албан тушаалаас ирэх зургадугаар сард огцорно гэдгээ мягмар гарагт албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн юм. 




Холбоотой мэдээ