Дулааны станц барих төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-19 21:35:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Арван аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн төвд барих дулааны станцын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний танилцуулгаар олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Эрчим хүчний яам, БНСУ-ын Экзим банк, “Эко трейд” ХХК-аас тус хэлэлцүүлгийг явуулж, төвлөрсөн дулаан хангамжийн систем барьж байгуулах, системийн үр ашгийг сайжруулах, хэрэглэгчдийг жилийн турш хэрэгцээний халуун усаар хангах зорилгоо танилцуулсан юм. “Дулаан станцтай болно гэж 4-5 жил ярьсан энэ ажил одоо хэрэгжиж эхэлнэ. Хөрөнгө мөнгө нь тодорхой болчихлоо. ЭХЯ-наас барилга угсралтын ажлын зураг, төсөл, техникийн хяналт тавихад Монголын талаас туслах зөвлөх үйлчилгээнийхээ тендерийг өнөө маргаашгүй зарлаж гэж байна. Намраас барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна” хэмээн ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа хэллээ.

Сүүлийн жилүүдэд иргэдийн шилжин суурьшилт ихэссэнээс болж Өвөрхангай аймгийн төв Арвайхээр 40 мянга орчим оршин суугчидтай болсон.  Хүн ам  нэмэгдэхийн хэрээр барилга, байшин олноор баригдаж, үүний улмаас 52 уурын зуухтай болжээ. “Манай аймагт дулааны станц зайлшгүй шаардлагатай байгаа. Агаарын бохирдол ихэссэнээс гадна айл өрх, барилга объект нэмэгдэж байгаагаас шалтгаалан дулаан хангамжийн хүрэлцээ хангалтгүй байна” хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэв.

Дулааны станцтай болох нь агаарын бохирдлоосоо салах том боломж хэмээн арвайхээрийнхэн олон жилийн турш хүлээсэн боловч орон нутагт дулааны өртөг зардлыг дийлэхгүйд хүрдэг гэх болгоомжлол ч зарим мэргэжилтнүүдэд байна. Тиймээс дулааныг цахилгаан станцтай нь хамт барих нь зүйтэй гэх саналуудыг ч өгчээ.

Холбоотой мэдээ