УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-03-18 10:28:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.07 цагт 73.3 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ.

Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ-ын 2018 оны намрын чуулган олон хоног тасалдаж, хэлэлцэх хууль, тогтоолууд хуримтлагдсан тул ээлжит бус чуулган зарлаж байна. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутаг, байгалийн баялгаар дэлхийд тэргүүлдэг ч гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Мөн ирэх жилүүдэд ирэх өрийн дарамт улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ. 1990 онд нийгмийн өөрчлөлт хийснээс хойш улс төрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй явж ирсний улмаас улс орон хямралд нэрвэгдэж байна. Тиймээс эв нэгдлээ хангаж, Монгол хүний төлөө хүчээ нэгтгэн ажиллах цаг үе шаардаж байна. Ээлжит бусаар дараах 3 чиглэлд төвлөрч, хүчээ нэгтгэж ажиллахыг уриалж байгаа юм. Нэгдүгээрт, парламентын засаглалыг бэхжүүлж, шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ засаглах эрхийг хангах нь УИХ-ын эрхэм зорилго юм. УИХ-ын дэгийн тухай хуульд шинээр тусгасан гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх заалтуудыг хэрэгжүүлэх нь энэхүү чуулганы онцлог болно. Түүнчлэн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх, УИХ-ын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын баг байгуулаад байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх цаг болсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулах, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ УИХ-д байгаа. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын баг улс төрийн намууд, эрдэмтэн судлаачидтай хамтран уулзалт, хэлэлцүүлэг хийж, тэдний саналыг шүүн тунгааж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэн баталж, Монголын хэтийн хөгжлийг хангах түүхэн алхам хийх болно. Гуравдугаарт, парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Парламентын хяналтын чиг үүрэг орхигдсоноор хүний эрх, шударга ёсыг тогтоох хуулийн засаглал хямарч байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол иргэд, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж, Олон улсын парламентын холбооноос ч мэдэгдэл ирүүлсэн. Тус холбооноос уг хэргийг шийдвэрлэхэд хамтран ажиллах саналыг хүлээн авах нь зөв хэмээн үзэж байгаа юм” гэлээ.

Ээлжит бус чуулганаар эдийн засгийн өсөлтийг хангах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажилгүйдлийг бууруулах зорилго бүхий Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх юм. Татварын багц хуулийн төслийг баталснаар аж ахуйн нэгж, иргэнд учир буй чирэгдлийг арилгаж, татвар төлхөөс зайлсхийх боломжийг хааж, татварын суурь өсөх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. Тиймээс гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэхдээ ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.

Ээлжит бус чуулганаар доорх найман асуудлыг хэлэлцэх юм.

Үүнд:

-Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал

-Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал

-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал

Холбоотой мэдээ