Уурхайн нурангид дарагдсан дөрөвдэх иргэний цогцсыг гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-09 12:52:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эко алтан заамар" компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрөвдэх иргэний цогцсыг өнөөдөр 08.56 цагт гаргасан тухай ОБЕГ мэдээлэв.

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг тус уурхайд өнгөрсөн сарын 28-ны өдөр нуралт үүсэж, тус уурхайн зургаан ажилчин дарагдсан. Осол гарсан даруй хоёр иргэнийг нурангиас аварсан бөгөөд үлдсэн дөрвөн иргэнийг гаргахаар Уул уурхайн аврах бригад, Үндэсний аврах бригадын хамтарсан баг ослын голомтод өнөөдрийг хүртэл ажилласан юм.

Ослын голомтод үүссэн таван метр усны гүнд аврагчид найман удаагийн шумбалт хийж энэ сарын 1-нд нэг иргэний цогцсыг, 3-нд мөн нэг иргэний цогцсыг гаргасан. Харин энэ сарын 6-ны өдөр дахин нэг иргэний цогцсыг гаргаснаар дөрөвдэх иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байсан юм.

Холбоотой мэдээ