Анх удаа монгол тамирчин олон улсын тэмцээнд уран гулгалтаар оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 2-12-нд болж буй дэлхийн оюутны өвлийн спортын наадмын уран гулгалтын ганцаарчилсан, эмэгтэй төрөлд Г.Марал-Эрдэнэ оролцлоо. Энэ төрлөөр олон улсын нэр хүндтэй тэмцээнд манай улсаас анх удаа оролцож байгаа нь энэ юм.
Ганцаарчилсан, эмэгтэй төрөлд нийт 38 тамирчин өчигдөр өрсөлдсөн бөгөөд Г.Марал-Эрдэнэ 24.75 оноо авч, 30 дугаар байрт орсноор энэ удаагийн тэмцээнээ дуусгасан байна. Харин шигшээ шатанд Япон, ОХУ-ын тамирчид үлдэж, Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байрт шалгарчээ.
Г.Марал-Эрдэнэ ярихдаа, "Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орондоо тэр бүр очоод байх боломж гардаггүй" гэжээ.
Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралцдаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөх бөгөөд энэ чиглэлээрээ илүү мэргэшин мастер хамгаалж, олон тэмцээнд амжилт гаргахыг хичээн суралцахаа ярьжээ. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагч нар ажилладаг юм байна.
Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдарч, 12 жилийн турш уран гулгалтын спортоор япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж иржээ.