О.Орхон: ХХБ улс төрийн золиос болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-07 20:31:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа хөгжлийн банк /ХХБ/ -ны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийж, улс төрийн зорилгоор тус банкны нэр хүндэд халдаж байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. 

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх үйл явц хууль зөрчсөн гэх асуудлаар энэ сарын 5-нд тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорэйшн" ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулан байцаасан ч шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн сулласан юм.



ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, “Өнгөрсөн өдрүүдэд сэтгэл сэртхийм үйл явдлууд боллоо. Үүнийг бид улс төрийн зорилготой гэж үзэж байна. Учир нь Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар намайг өмнө нь нэг удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан бол уржигдар мэдэгдэлгүй, шууд баривчилсан. Бидний гомдлыг шүүх хүлээн авч шалгаад, хууль бус баривчилгаа байсан гэж үзэж өчигдөр сулласан. Манай банк хууль зөрчсөн зүйл байхгүй. ЗГХЭГ-ын даргын нууц протокол нь өнгөрсөн онд олон нийтэд ил болчихсон зүйл. Мөн Эрдэнэтийг худалдаж авах схем нь тухайн үед эл хэргийг шалгаж байсан ажлын багийн гаргасан зүйл. ЗГХЭГ-ын дарга олон нийтэд мэдээлэхдээ, дээрх баримтыг шүүхээр тогтоогоод нотолчихсон юм шиг ярьсан. Энэ бүхэн нотлогдоогүй, мөрдөн байцаалтын шатандаа байгаа. Манай банк 29 жилийн түүхэндээ Монгол Улсын хэдэн зуун компани, ААН, байгууллагад санхүүжилт олгосон. Манай банк хуулийн дагуу, төсөл хөтөлбөрүүдэд тавигдах шаардлагын дагуу санхүүжилт олгодог. Түүнчлэн олон улсын зах зээлд бонд гаргаж, их хэмжээний хөрөнгө босгож ирсэн манай банкны нэр хүндийг харлуулж, онц ноцтой гэмт хэрэгтэн болгож, намайг тусгай хүчнийхнээр баривчлуулж, хэвлэл мэдээллээр цацсанд харамсаж байна. Энэ нэр төрөө эргүүлж авах хүртлээ тууштай ажиллана. Харилцагч нартаа хандаж хэлэхэд, өнгөрсөн өдрүүдэд манай банкийг ойлгож, дэмжлэг үзүүлсэнд талархаж байна” гэв.


ХХБ-ны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга Р.Коппа, "Эрдэнэт үйлдвэрийг худалдан авсан санхүүжилтийн механизм нь олон улсад өргөн ашиглагддаг. Тодруулбал, олон улсад "LPO" буюу зээлээр худалдан авах үйл явц гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, аливаа нэг компани өөр компанийг худалдаж авахдаа, хувьцаа, ирээдүйн мөнгөн урсгалыг нь барьцаалан зээл өгч, тухайн компанийг худалдан авахад ашигладаг. Энэхүү механизмыг АНУ-ын “Wall street-д өргөн ашигладаг" хэмээв.


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  хувьчлалын асуудлаар энэ сарын 4-нд мэдээлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсан ч "Монголын коппер корпорэйшн" ХХК-д давуу байдал олгосон. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай" гэж танилцуулсан юм.

Гэрэл зургийг: Б.Чадраабал


Холбоотой мэдээ