Улаанбурхнаар өвчилсөн гадаадын иргэн бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-07 13:36:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улсын иргэн улаанбурхан өвчин тээж Монгол Улсад орж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ өнөөдөр мэдээллээ.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Оюутолгойд ажиллахаар ирсэн Энэтхэг Улсын инженер халуурч, биед нь тууралт гарсан тухай манай төвд өчигдөр мэдээлсэн. Энэ дагуу тухайн өвчтөнөөс өчигдөр шинжилгээ авсан. Шинжилгээний хариу 16 цагийн үед гарсан бөгөөд улаанбурхан өвчин болох нь илэрсэн. Тиймээс улаанбурхан өвчин дэгдэхээс сэргийлэх ажлын баг гаргалаа. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт өвчтөнийг тусгаарласан. Өвчтөнтэй ойр байсан 12 хүнийг мөн тусгаарлаж, шинжилгээ авахаар боллооАжлын баг Оюутолгой компани, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөлтэй цахимаар холбогдон хуралдаж, заавар зөвлөгөө өгсөн. Мөн өглөө 7.40 цагт тус ажлын баг шаардлагатай эм, тариа, вакциныг авч Өмнөговь аймаг руу онгоцоор ниссэн" гэв.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, “ДЭМБ өнгөрсөн сард улаанбурхан өвчин дэлхий даяар дэгдэж байгаа тухай сэрэмжлүүлэг гаргасан. Энэ хүрээнд ЭМЯ-наас иргэддээ санамж, зөвлөмж хүргэх ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн эцсээр Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, Япон, Украйн, Итали зэрэг оронд тус өвчин дэгдсэн. Манай урд, хойд хөршид ч уг өвчин гарч байгааг ДЭМБ-ын мэдээнд дурдсан. Энэ өвчин манай улсад ороод ирлээ. Тиймээс ХӨСҮТ бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд 8-17 насны хүүхдийг дархлаажуулах 515 мянган тун вакцин захиаллаа. Мөн ХӨСҮТ-д иргэд сайн дураараа вакцинд хамрагдах боломжтой” гэв.

ДЭМБ-ын мэдээлснээр, Энэтхэгт 64 900, Пакистанд 33 200 хүнд улаанбурхан өвчний халдвар илэрчээ. Тус байгууллагын 2017 оны мэдээгээр, дэлхийн хэмжээнд 0-5 насны 110 мянган хүүхэд улаанбурхан өвчнөөр нас барсан аж. Монгол Улсад улаанбурхан өвчин хамгийн их дэгдсэн нь 2015, 2016 он бөгөөд тухайн үед өвчний шинж тэмдэг илэрсэн 50 мянган хүн бүртгэгджээ.

Холбоотой мэдээ