Дээд хэмжээний уулзалтын үр дүнд БНАСАУ сэтгэл дундуур байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-06 12:26:27

ПЁНЬЯН. /NHK/. АНУ-БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөнд БНАСАУ-ын иргэд сэтгэл дундуур байна. Энэ тухай БНСУ-ын Үндэсний тагнуулын газраас мэдээлэв.


Мягмар гарагт болсон Үндэсний тагнуулын газрын хаалттай уулзалтын үеэр дээд хэмжээний уулзалтын талаар хууль тогтоогчдод товч мэдээлэл хийсэн байна. Үүнд оролцсон нэгэн хууль тогтоогчийн мэдээлснээр, уг дээд хэмжээний уулзалтад БНАСАУ ихээхэн найдлага тавьж байсан ажээ.


Мөн стратегиа эргэн харахад БНАСАУ-ын эрх баригчдад цаг хугацаа хэрэгтэйг дээрх уулзалтын үеэр онцолсон байна.


Үндэсний тагнуулын газрын тэргүүн Су Хуны хэлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийх айлчлал хойшилж магадгүй ажээ. Түүнийг энэ хавар БНСУ-д айлчилна хэмээн найдаж байсан юм.


Өнгөрсөн долоо хоногт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын талаас "Йонбен" цөмийн цогцолборын үйл ажиллагааг зогсоосны хариуд хориг арга хэмжээнүүдийг цуцлахыг хүссэн билээ.


Харин АНУ-ын зүгээс БНАСАУ-ыг цөмийн бусад байгууламжуудынхаа үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй хэмээн үзэж, цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл хориг арга хэмжээнүүдийг цуцлахгүй гэх хариултыг өгсөн юм. 

Холбоотой мэдээ