У.Хүрэлсүх: Монгол залууст боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм.
Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэсэн. Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа батлан хамгаалах, уул уурхай, байгаль орчин, соёл, боловсрол, харилцаа холбооны салбарт өргөн хөгжиж байна. Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн бирж хооронд хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд хэлэв. Мөн тус улсын Засгийн газрын Чивнингийн тэтгэлгээр монгол оюутнуудыг суралцуулж байгаад талархал илэрхийлээд цаашид энэ тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Монгол залууст боловсрол, мэдлэг эзэмшүүлэх нь манай улсад том хөрөнгө оруулалт болно хэмээв.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжиж байгааг Элчин сайд Филип Мэлоүн тэмдэглээд эдгээр салбарт улам олон боломж гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.