Ч.Жаргалбаатар: Бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл цацагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-01 17:53:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урьдчилсан хорих 461 дүгээр ангид амиа алдсан Л.Бямбааг хууль зөрчиж баривчлаагүйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар өнөөдөр мэдэгдлээ.


Тэрбээр, "Мөрдөн шалгах ажиллагааг сулруулах зорилготой гэж ажиглагдах, бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл цацагдах боллоо. Тиймээс хуулинд заасанчлан прокурорын зөвшөөрсөн хэмжээнд зарим нэг мэдээлэл өгье.

Өнгөрсөн сарын 21-ний өдрийн 12 цагт прокурорын дуудах хуудсаар талийгаачаас АТГ-т гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлгийн үеэр талийгаачийн гэр, зуслангийн байшин, ажлын байранд зайлшгүй нэгжлэг хийх нөхцөл байдал илэрч, прокурорын зөвшөөрлөөр тухайн өдрийн 21.00 цаг хүртэл нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт олдсон тул  баривчлах тогтоол үйлдэж 00.40 цагт прокурорт танилцуулж зөвшөөрөл авсан юм. Ингээд талийгаачийг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Ингээд мөрдөн шалгахад тухайн хэрэгт 4-5 нэр бүхий хүнийг сэжигтнээр татах үндэслэл бий болсон байна. Тиймээс хэргийг прокурорын байгууллагаас хянаад нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн бөгөөд дээрх нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татах тогтоол гаргаж бидэнд ирүүлсэн юм. Дараа нь буюу энэ сарын 22-ны 17.10 цагт сэжигтнийг баривчилсан тогтоолыг шүүхэд хүргүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /ЭХХШТ/ хуульд зааснаар 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэсэн үг. 

ЭХХШТ хуулинд баривчилсан сэжигтний суллах хоёр үндэслэл бий. Үүнд шүүхээс шийдвэр гараагүй бол баривчилснаас хойш 48 цагийн дараа сэжигтнийг сулладаг юм. Ингэхээр хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. Ц.Баасандорж өмгөөлөгч ямар зорилгоор, ямар баримтанд тулгуурлаж мэдээлэл хийснийг ойлгохгүй байна. Тэрээр өдийг хүртэл талийгаачийг өмгөөлөх хүсэлтээ гаргаагүй. Тэгсэн мөртлөө хэрэгт байгаа баримт, материалыг мэддэг юм шиг мэдээлсэнд хуульч хүний хувьд харамсаж байна. Мэргэжлийн хуульч хүн нийгмийг төөрөгдүүлэх нь зүй бус үйлдэл юм" гэлээ.


Өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээ өгөхдөө, АТГ-аас талийгаач Л.Бямбааг шүүхийн шийдвэргүй, хууль зөрчиж саатуулсан хэмээн мэдээ өгсөн юм.


Хэргийг тодруулбал, АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан шүүгч Л.Бямбааг 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын урьдчилан хорих 461 дүгээр ангид энэ сарын 22-нд саатуулсан. Тэрээр саатуулах хугацаа дуусахаас дөрвөн цагийн өмнө хорих өрөөнд хоолойгоо боомилсон байдалтай олдсон юм.


Л.Бямбаа нь 2012-2015 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарч “Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ