О.Амартүвшин: Бизнесийнхнийг хамгаалж өмгөөлөх Танхимын үүргийг илүү тодотгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-01 09:49:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын ХХ Их хурлаар болсон удирдлагын багийг сонгох сонгуулиар Танхимын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдлоо.

Тэрээр 600 гаруй төлөөлөгч оролцсон Их хурлын үеэр болсон санал хураалтаар хамгийн олон санал буюу 259 төлөөлөгчийн санал авсан юм. Тэгвэл бусад нэр дэвшигчид болох МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагважав 127, “Ард” санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг 73, “Буян” ХК-ийн захирал Б.Жаргалсайхан 25 төлөөлөгчийн санал тус тус авчээ. "Өгөөж чихэр боов" ХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэрээ татсан байна.

Өчигдөр 10.30 цагт эхэлж, 11.30 цагаас хаалттай байдалд шилжиж шөнийн 03.20 цаг хүртэл үргэлжилсэн МҮХАҮТ-ын ХХ Их хурал Танхимын өнгөрсөн дөрвөн жилийн тайланг хэлэлцэж, удирдах дээд байгууллагын үйл ажиллагааг дүгнэн, тайлант хугацаанд хийсэн ажлыг үнэлж, ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлсон юм.

Ирэх дөрвөн жилд Танхимын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах удирдлагаар сонгогдсон “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн юм. Тэрээр өмнөх Их хурлаар мөн Танхимын удирдлагад нэр дэвшин өрсөлдөж байсан юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг том судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавина гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэрээр олон мянган бизнес эрхлэгчийг төлөөлдөг МҮХАҮТ аж ахуйн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхээс хэтрэхгүй байна хэмээн шүүмжилж, "Танхим нь бизнесийнхнийг хамгаалж, өмгөөлдөг төлөөллийн байгууллага байх ёстой, үүнээс ажлаа эхэлнэ. Танхимын энэ үүргийг илүү улам тодотгон ажиллана" гэдгээ мэдэгдэж байна.


Зураг дээр баруун гар талаас О.Амартүвшин

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Холбоотой мэдээ