Хурдан морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-17 11:31:50

Дундговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, энэ сарын 20-нд Сайнцагаан суманд “Мандалын хурд- 2016” хурдан морины уралдааныг зохион байгуулахыг аймгийн “Нарны хүлэг” Морин спорт, уяачдын холбоонд зөвшөөрчээ.

Тэрээр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 11 дүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглох тухай захирамжийг өнгөрөгч сард гаргасан. Тэрхүү захирамж нь Хөдөлмөрийн сайдын тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-тай уялдаж байсан юм. Өөрөөр хэлбэл энэ жагсаалтад 11 дүгээр сарын нэгнээс 5 дугаар сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр морь унуулахыг хоригложээ.

Гэвч ийнхүү сар хүрэхгүй хугацааны дараа хурдан морины уралдааныг зөвшөөрсөн захирамж гаргалаа. Зөвхөн “Мандалын хурд” бус Дундговь аймгийн бага гурван насны уралдаан, Дэлгэрхангай, Баян уулын тахилгын хурдан морины уралдааныг зөвшөөрсөн байна. Ингэснээр эдгээр уралдаан нь урьдах захирамжид хамаарахгүй болж байгаа ажээ. 

Хурдан морины уралдааныг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашиг, аюулгүй байдлыг хангах гурвалсан гэрээ байгуулж, гэнэтийн ослын даатгалд даатгуулан хариуцлагатай зохион байгуулахыг “Нарны хүлэг” МСУХ-ны тэргүүн Ц. Ганхүүд даалгасан бол захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газрын дарга нарт үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ