Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөр өдөрт 30 гаруй иргэн үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-26 11:31:15

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөр өнгөрсөн жил 130 гаруй залуу үйлчлүүлж, нийт найман удаагийн сургалтад хамрагджээ.

Тус төвийг Швейцарийн хөгжлийн агентлагийн залуучуудын хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих төслийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил байгуулж, олон улсын жишигт нийцсэн шинэлэг үйлчилгээг туршин хэрэгжүүлж байгаа юм байна.

Тус төв хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж хэр байгаа болон шалтгааныг тодорхойлох зорилгоор 50 гаруй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлж, тэдгээрээс 15  залууг дараагийн үйлчилгээнд буюу бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтад хамруулсан байна. Эдгээр залуучууд нь баг бүрдүүлж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, бизнесийнхээ гарааг эхлүүлээд буй юм байна. Мөн залуучуудын нийгмийн болон хувийн чадамжуудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн үе шаттай модуль бүхий хоёр сарын хугацаатай таван удаагийн сургалтад 60 орчим залууг хамруулсны 25 нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдаж, бизнесээ эхлүүлэх санхүүгийн эх үүсвэртэй болжээ. Өдгөө эдгээр залуус  байнгын  ажлын байртай болсон байна. Тус төвийн Өөртөө үйлчлэх нээлттэй өрөөгөөр 165 иргэн үйлчлүүлж бие биеэсээ суралцах хамтран ажиллах, мэдээлэл солилцох, ажилд зуучлуулах зэрэг үйлчилгээг авчээ.

Тус төв өнөөдрийн байдлаар өдөртөө 30 гаруй залууд үйлчилгээ тогтмол үзүүлдэг, тэднийг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх таатай орчныг бий болжээ. Сонирхуулахад Швейцарийн хөгжлийн агентлагийн залуучуудын хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих төслийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын хэмжээнд дөрвөн аймаг, хоёр дүүрэгт Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нээн ажиллуулж байгаа юм байна.

 

Холбоотой мэдээ