Бүх насаар нь хорих шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-21 18:34:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчдийн гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, тэдэнд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээв.

Өмгөөлөгчид нь тэдгээр гэмт этгээдэд оногдуулсан ял шийтгэл нь тохирсон эсэхийг хянаж үзэхийг хүссэн юм. Шүүх хуралдаанаас тэдний хийсэн хэрэг, нийгэмд учруулах аюулын шинж чанар, нөхцөл байдлын хэр хэмжээнд бүх насаар нь хорих шүүхийн шийдвэр тохирсон хэмээн магадлав. Тус магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл байвал Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй аж.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон шүүх хурлаас тэдэнд бага насны хүүхдийн амь насанд онц хэрцгийгээр халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д заасан зүйл ангиар дээрх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэргийг тодруулбал, 2017 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Очир төвд байрлах зочид буудалд 13 настай охин М-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Охиныг амиа алдах үед хамт байсан гэх А, Ж нарыг цагдаагийн байгууллага сэжигтнээр татан жил гаруй хугацаанд шалгаж, улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. 

Дашрамд дурдахад, шинэ Эрүүгийн хуулинд бүх насаар хорих ял авсан этгээд 25 жилийн дараа суллагдах үндэслэл үүсэхээр заагдсан байна. Монгол Улс цаазын ялгүй 105 дахь орон бөгөөд энэхүү шийтгэлийн оронд бүх насаар нь хорих ялыг хуулинд тусгажээ.

Холбоотой мэдээ