Сумандаа тэмээ уралдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-22 00:03:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Асгат сумын Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт тэмээ өсгөх бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүний хүрээнд тус суманд анх удаа тэмээний уралдааныг зохион байгуулжээ. Тэмээг өсгөж үржүүлэхээс гадна уналга ачилгандаа эдэлж хэрэглэхийг иргэдэд уриалах нь уралдааны гол зорилго ажээ.

“Тэмээ өсгөх ажлыг дэмжих хүрээнд энэ жил анх удаа сумынхаа малчин иргэдэд ботгоны урамшууллыг олголоо. Нийт 36 ботгонд 760 мянган төгрөг олгоод байна. Мөн сумын маань сүрэг сүүлийн хоёр жил дараалан таван төрөл дээрээ өссөн. Энэ бол тэмээ өсгөх бодлогыг хэрэгжүүлж байгаагийн үр дүн гэж хэлж болно. Энэ удаагийн арга хэмжээнд ч малчинд сэтгэгдэл өндөр байна. Ялангуяа залуу малчид цаашид энэхүү уралдаанаа уламжлал болгон зохиохыг хүсч буйгаа илэрхийлж байгаад баяртай байна.” гэдгийг сумын Засаг дарга У.Мөнхбаяр хэллээ.

Уралдаанд 15 малчин өрхийн 15 тэмээ уралдсанаас тус сумын аймгийн аварга малчин Д.Бор-Ухнайн тэмээ түрүүлсэн байна.

“Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан сумын удирдлагууд болон мал эмнэлэг үржлийн тасгийн хамт олондоо баярлалаа. Миний аав ээж тэмээ малладаг хүмүүс байсан. Би тэмээ маллах арга ухааныг аав ээжээсээ өвлөж,  одоо ч жилийн дөрвөн улиралд тэмээн сүргээрээ нүүдлээ хийж, тэмээн тэргээрээ усаа зөөдөг. Сүүлийн үед манай аймагт тэмээ маллах хүн ховордсон. Миний хувьд 20 гаруй жил мал маллаж байна. Таван хошуу малаа бүгдийг л өсгөж үржүүлэхийг хичээдэг. Одоогоор 30 гаруй тэмээтэй, өнгөрсөн жил зургаан ботго бойжуулсан. Тэмээ сүрлэг боловч их уян зөөлөн амьтан. Бас таван хошуу малаас хамгийн хариулга багатай мал. Тиймээс залуучуудыг тэмээгээ өсгөн үржүүлж маллахыг захимаар байна.”хэмээн малчин Д.Бор-Ухнай ярилаа.

 

Холбоотой мэдээ