Швейцарьт Монгол Улсыг сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-20 16:34:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны улсын Цюрих хотноо нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-нд болсон Олон улсын аялал жуулчлалын “Феспо” үзэсгэлэнд Монгол Улс “Зочин орон”-оор анх удаа оролцов.

Манай улсаас БОАЖЯ нэгдсэн зохион байгуулалтыг хариуцаж, Швейцарь дахь Монгол Улсын ЭСЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ” ХК хамтран, Гэр тү гэр, Аян трэйвл, Нью жуулчин зэрэг 15 тур оператор компани оролцлоо. Үндэсний дуу хөгжим, урлагийн Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчид, Монгол костюмс агентлагийн загвар өмсөгчид, Монгол үндэсний бөхийн бүрэлдэхүүн, Монгол бичгийн калиграф бичээч зэрэг нийт 45 орчим төлөөлөл оролцож Монгол Улсаа сурталчиллаа.

Үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр Феспо үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал Штефан Амстад болон албаны бусад төлөөлөл оролцож, үзэсгэлэнгийн  үеэр Монгол Улсыг сурталчилсан үзэсгэлэнгийн талбайг зорьж ирсэн хүмүүсийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэнийг зохион байгуулагчдын зүгээс Монголын талд албан ёсоор мэдэгдэж, баяр хүргэжээ.

"Феспо" үзэсгэлэн нь аяллын газруудыг олон нийтэд танилцуулж, аялал жуулчлалын компаниудад шууд захиалга авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог аж. Энэ удаад манай улсаас оролцсон 15 компаний төлөөлөгчид үзэсгэлэнгийн 3 дахь өдөр тараах материалаа бүрэн дуусгаж, олон уулзалт зохион байгуулсан нь Монгол Улсыг сурталчилсан үйл ажиллагааны гол үр дүн байсныг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр онцолж байна. Тэрээр үзэсгэлэнгийн үеэр Свисс туризм байгууллагын төлөөлөл болон Швейцарын Церматт хотын Засаг дарга, тус хотын Аялал жуулчлалын газрын дарга нартай албан ёсоор уулзаж, хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлсэн сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх талаар хэлэлцлээ.


Энэ удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсыг сурталчилсан материалыг 65 мянган зочид төлөөлөгчид хүргүүлж, 30 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Швейцар улсын төдийгүй бусад герман хэлтэй орнуудын зах зээлд Монгол Улсын сурталчилсан өндөр үр дүнтэй үйл ажиллагаа болсныг манай төлөөлөгчид онцолж байв.

Швейцар Улсад зохиодог олон улсын аялал жуулчлалын “Феспо” үзэсгэлэнд дэлхийн 600 орчим компани оролцон аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилж 65.000 хүмүүс үзэж сонирхдог томоохон арга хэмжээ аж.

 

Холбоотой мэдээ