АНУ-ын Хөрөнгө оруулагчид Засгийн газраас хууль эрх зүйн тогтвортой орчныг л хүсдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-16 14:58:45

Монгол дахь Америкийн худалдааны танхимын /Amcham/ гүйцэтгэх захирал Т.Патришиатай /Тricia Turbold/ цөөн хором ярилцлаа.

-АНУ-ын Худалдааны танхим дэлхийн хамгийн том худалдааны байгууллагад тооцогддог. Энэ байгууллагын Монгол дахь салбарын гишүүн байснаар Монголын бизнес эрхлэгчдэд ямар ашигтай байдаг юм бэ?

-Вашингтон хотод төвтэй АНУ-ын Худалдааны танхим маш олон улсад салбартай. Монгол дахь салбар нь 2010 онд таван гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Манай байгууллагын гол зорилго Монголд Америкийн хөрөнгө оруулагчдыг татах юм. Энэ зорилгоо амжилттай биелүүлж яваа гэж боддог. Өнөөдрийн байдлаар манай танхимд Монголын бизнесийн тэргүүлэх 54 байгууллага гишүүнээр элссэн байгаа.

Бид гишүүн байгууллагууддаа олон давуу тал олгодгийн нэг нь шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудтай холбож өгөх, тэдэнтэй уулзаж тулгамдсан асуудлыг нь хэлэлцүүлдэг юм. Мөн үүнээс гадна бизнес эдийн засгийн бодит мэдээллийг тогтмол өгөх, тухайн компанийг нийтэд сурталчлах зэргээр бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажилладаг.  

-Өнөөдөр Монгол дахь Худалдааны танхимын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзлаа. Энэ уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчдийн уулзалтыг сар тутам зохион байгуулдаг. Ингэж уулзсанаар манай гишүүн байгууллагууд болон Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлдэг юм. Бид ингэж уулзсанаараа тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх гарц боломж байгааг хамтдаа ярилцаж, асуудлаа шийдсэнээр цаашид хэрхэн ажиллах, ажлын байр хэрхэн бий болгох зэргийг төлөвлөдгөөрөө ач холбогдолтой.

Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож олон асуултад шууд хариулт өгч авч байгаагаараа төлөөлөгчдөд маш чухал болж байна. Мөн өнөөдөр бидний ажлыг гол тодорхойлдог “Бодлогын баримт бичиг”-ийг Ерөнхий сайдад гардуулсан.

-АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газраас нэн тэргүүнд юу хүсч байна вэ?  

-АНУ-ын хөрөнгө оруулагчдын хамгийн их хүсдэг зүйл нь хууль эрхзүйн тогтвортой орчин, хууль дүрмээ чандлан сахих тухай байдаг.

-Сонгуулийн жил болж буйтай холбогдуулан хөрөнгө оруулагчдын хандлагад өөрчлөлт гарч байна уу?

-Хэдий 2016 он Монголд сонгуулийн жил болж байгаа ч хөрөнгө оруулагчдын хандлага буураагүй байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч өнөөдөр ингэж мэдэгдсэн. Тэгэхээр бид цаашид үүнийг улам баталгаатай байлгахын төлөө ажиллах болно.     

Н.Гантуяа

Холбоотой мэдээ