Хоёр улсын төрийн далбаагаар чимэглэсэн галт тэрэг Сүхбаатар өртөөнд ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-20 23:03:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Британийн Элчин сайдын яам “Улаанбаатар Төмөр Зам” ХНН-тэй хамтран зохион байгуулж байгаа аяллын галт тэрэг өнөөдөр 19:12 цагт Сүхбаатар өртөөнд ирлээ. Энэхүү галт тэргээр Монгол Улсад суугаа Их Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Иан Кокс хүрэлцэн ирлээ. Түүнийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ТЗУХ-ийн дарга Б.Болорзул нар угтан авсан юм. Британийн Цог Жавхлант Хатан хааны Элчин сайдын яамны зүгээс энэхүү завшааныг ашиглан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хамт олонд гүн хүндэтгэл илэрхийллээ.

Хоёр улсын төрийн далбаагаар чимэглэсэн энэхүү галт тэрэг энэ сарын 19-нөөс 23-ны хооронд аялах гэнэ. Хоёр улс найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд нийгэм эдийн засаг, соёл боловсрол, аж үйлдвэр зэрэг олон салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа ажээ. Энэ жил Их Британийн Ерөнхий сайд Монгол дахь худалдааны элчийг томилохын зэрэгцээ Их Британийн экспортын болон санхүүжилтийн байгууллага Монгол руу бараа экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдэд хоёр талын зээлийг нэмэгдүүлсэн зэрэг арга хэмжээг авчээ. 1963 онд хоёр улс харилцан тохиролцож Элчин сайдын яамаа нээсэн нь манай улсын хувьд барууны улстай харилцаа тогтоосон анхны тохиолдол болж байсан аж. Британийн Элчин сайдын яамнаас технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээг зохион байгуулж явуулсан байна. Мөн Дархан, Эрдэнэт хотуудад боловсролын өдөрлөг, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах арга хэмжээ, Сэлэнгэ аймагт Британи үүлдрийн мал аж ахуй эрхлэгчидтэй уулзах зэрэг ажлуудыг ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Монгол Улс, Их Британи Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрөгч сард тохиожээ. Энэхүү ойн хүрээнд Их Британийн Элчин сайдын яамнаас олон ажил арга хэмжээ зохион байгуулсны хаалт, энэхүү GREAT компанит ажил Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний аялал ажээ. 

Холбоотой мэдээ