Засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуулийн төсөлд Д.Трамп гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./РИА
Новости/. Засгийн газрын харьяа яам, агентлагуудыг энэ оны 9 дүгээр сарын 30-н
хүртэл бүрэн санхүүжүүлэхийг тусгасан төсвийн хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг
зурсан тухай Цагаан ордон мэдэгдсэн байна.
Ийнхүү дээр
дурдсан хугацаанд Засгийн газрын үйл ажиллагаа дахин түр зогсохгүй юм.
Сануулан
дурдахад, АНУ-ын Конгресс 2019 оны төсвийг батлаагүйгээс үүдэн өнгөрсөн оны 12
дугаар сарын 22-ноос хойш Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон. Энэ оны
төсөв батлагдаагүйн гол шалтгааныг дурдвал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зорилгоор улсын төсөвт 5 тэрбум гаруй
ам.доллар суулгахыг хүссэн боловч үүнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь
сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцсэн учраас төсвийг батлах
зөвшилцөл гацаанд орж, Засгийн газрын харьяа яам, агентлагуудын үйл ажиллагаа сар
гаруйн хугацаанд түр зогссон юм.
Засгийн газрын
үйл ажиллагаа дахин түр зогсохоос зайлсхийхийн тулд Холбооны Засгийн
газрыг энэ оны 9 дүгээр сар хүртэл санхүүжүүлэх тухай хуулийн төслийг АНУ-ын
Конгресс өнгөрсөн пүрэв гарагт баталсан бөгөөд Мексиктэй залгаа хилийн дагуу
хана барихад 5,7 тэрбум ам.доллар олгохыг Ерөнхийлөгч Дональд Трамп
хүссэн хэдий ч 1,37 тэрбум ам.долларыг олгохыг төсөвт тусгасан юм.