АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулахад БНСУ тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-15 15:08:55

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар энэ сарын 27-28-нд Ханойд болох АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах үүднээс зохицуулалттай арга хэмжээ авахаар тохиролцсон байна.


Хоёр орны гадаад бодлогын асуудал хариуцсан байгууллагын тэргүүн нар хоёрдугаар сарын 14-нд Польшийн нийслэл Варшав хотод болсон Ойрхи Дорнодын асуудлаарх сайд нарын түвшний уулзалтын үеэр хэлэлцээ хийхдээ ийм тохиролцоонд хүрсэн тухай БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.


АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд Америкийн тал бүхий л хүчин чармайлтаа тавьж байгаа болохыг Помпео хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэсэн байна. Харин Кан Гён Хва уг уулзалтыг зохион байгуулахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ амлажээ. Уулзалтад оролцогчид мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон АНУ-ын зүгээс хариу арга хэмжээ авахтай холбоотой асуудлуудыг хөндсөн байна.


АНУ болон БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ.


Холбоотой мэдээ