Цагдаагийн газарт томилогдон ирсэн алба хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-15 16:26:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг төгсөж, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт томилогдон ирсэн алба хаагчдын тангараг өргөх ёслол 02 дугаар сарын 15-ны өдөр боллоо. 2018 онд томилогдон ирж ажиллаж байгаа болон шинээр томилогдсон 10 алба хаагч ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө үнэнчээр зүтгэхээ тангарагласан юм.

Тангараг өргөх ёслолд Цагдаагийн газар /ЦГ/-ын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Баруун-Урт сумын засаг дарга М.Идэрбат болон Цагдаагийн газрын алба хаагчид оролцлоо.


“Залуу хүний зориг тэвчээр, эр зориг, эрч хүчийг илэрхийлсэн цагдаагийн байгууллагын эгнээнд нэгдсэн залуустаа баяр хүргэж, амжилт хүсье. Та бүхэн хэдхэн сарын өмнө ээж аавын хүүхдүүд байсан бол энэ өдрөөс эхлэн эх орны хүү болж, төрийн тусгай албаны алба хаагч боллоо. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдгийн адил дэд ахлагчийн халаасанд хурандаагийн мөрдэс бий. Тиймээс та бүхэн өргөсөн тангартаа үнэнч байж, цагдаагийн газрын үе үеийн дарга, удирдлагуудын итгэл найдварыг даан, нэр төртэй албаа хаах хэрэгтэй” хэмээн ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан хэлсэн үгэндээ онцоллоо.

Харин Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ “Бид ард иргэдийгээ ая тухтай, амар тайван орчинд амьдруулах нэгэн хүсэл зорилгын төлөө ажилладаг зорилго нэгтэй хүмүүс. Энэхүү зорилгын төлөө нэгдэж, цагдаагийн байгууллагын эгнээнд шинээр орж ирсэн алба хаагчдад талархал илэрхийлье. Баруун-Урт сумын ЗДТГ-аас ЦГ-т шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг цаг тухайд нь хийж ирсэн. Өнгөрсөн онд эрүүлжүүлэх байрны засварт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлсэн. Харин энэ онд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг түр хамгаалах байр барихад 200 сая төгрөг, ЦГ-ын хөтөч машиныг шийдвэрлэхэд 80 сая төгрөг, ААНБ-уудын гаднах хяналтын камерын хяналтын системийг ЦГ-т төвлөрүүлэх ажилд 15 сая төгрөг, саяхан ашиглалтад орсон замын хяналтын постын тохижилтын ажилд 10 сая төгрөг зэргийг төсөвт суулгаад байна. Нэн шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэснээр бидний хамтын ажиллагаа илүү бэхжиж, тэр хэмжээгээр амжилтад хүрэх болно.” гэлээ.


Тангараг өргөсөн алба хаагчид эрүүлжүүлэх байрны эмч, замын цагдаагийн тасагт байцаагч, эргүүлийн цагдаа, бичиг хэргийн ажилтан, жолооч цагдаа зэрэг албыг хашиж байна.

"Би 2019 оны 01 дүгээр сард сургуулиа төгсөөд, нутагтаа ирж ажиллаж байна. Багаасаа хуулийн хүн болно гэж мөрөөдөж, зорьж ирсэн. Өнөөдөр зорилгоо биелүүлж, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө мөн хуулийг сахиулахын төлөө ажиллах болсондоо баяртай байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчдын эгнээнд нэгдэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Тиймээс цаашид хичээн ажиллах болно. Намайг үргэлж дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо баярлалаа.” хэмээн шинэхэн алба хаагч Л.Гэрэлт-Од хэллээ.

Дээрх алба хаагчдыг цаашид харилцааны өндөр соёлтой байх, өөрийн мэдлэг, бие бялдраа байнга хөгжүүлэх, бичиг үсгийн өндөр боловсролтой байх, галт зэвсэг болон тусгай хэрэгслийг бүрэн ашиглаж сурах, захирах захирагдах ёсыг хүндэтгэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, үе үеийн удирдлага, алба хаагчдаа хүндэтгэн цагдаагийн нэр төрийг өндөрт өргөж ажиллах хэрэгтэйг ЦГ-ын дэргэдэх Ахмадын зөвлөлийн төлөөлөл анхааруулж байлаа.

Холбоотой мэдээ