Шинийн наймны нарыг харахаар 4000 орчим хүн Шилийн богд, Алтан овоог зорьжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-02-14 09:26:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд, Алтан овоог зорих иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг бөгөөд энэ байдал шинийн найманд эрс нэмэгддэг. Тэгвэл 2019 оны энэ өдөр Монгол орны өнцөг булан бүрээс шинийн наймны нарыг харахаар 800 гаруй тээврийн хэрэгсэл, 4000 орчим хүн Шилийн богд, Алтан овоонд цугласан байна.

Иймээс аймгийн Цагдаагийн газраас авто замын хяналтын байнгын болон түр постуудыг 24 цагийн турш ажиллуулжээ. 02 дугаар сарын 06-наас 13-ныг хүртэл нийт 3500 гаруй тээврийн хэрэгсэл тус аймгийн нутаг дэвсгэрээр дамжин зорчсон байна. Алба хаагчид авто замд байнгын хяналт, шалгалт хийн ажилласны үр дүнд орон нутгийн замд зам тээврийн осол, гэмт хэрэг гараагүй бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэгийг илрүүлэн, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсныг хураан авч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар 75 жолоочийг 3,525,000 төгрөгөөр торгож, арга хэмжээ тооцсон байна.


Жолооч нарын хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс зүүхгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын бус суудалд авч явах зэрэг нийтлэг зөрчил гаргаж байсныг Цагдаагийн газраас мэдээллээд иргэд болоод жолооч нарыг шинэчлэн батлагдсан замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ