Ж.Бямбадорж: Цэрэг гадны нөлөөгүй нас барсан гэж мэдээлсэн нь маш том зөрчил

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-31 15:45:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд морь хөлсөлж яваад унаж нас барсан хэрэг энэ сарын 11-нд гаржээ. Иймд Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр, хүйтний улиралд хурдан морь уралдуулахгүй байхад анхаарч ажиллахыг аймаг, сумын засаг дарга нарт зөвлөлөө. 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хэлэхдээ, “Сүүлийн 4,5 жил хүйтний улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулахгүй байх асуудлаар олон газар хандаж, зөвлөмж шаардлага хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Хамгийн сүүлд гэхэд, энэ сарын 11-нд Сүхбаатар аймгийн Халзан суманд морь хөлсөлж байсан 10 настай хүүхэд мориноосоо унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл хүүхдээр хурдан морь унуулахгүй байх шийдвэр гарсан. Гэвч овооны наадам, найр зэргийг далдуур зохион байгуулах явдал гарч болзошгүй тул аймаг, сумын засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн” гэлээ.

Тэрбээр хэлэхдээ, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 30 гаруй хүүхэд хурдан мориноос унаж амь эрсэджээ. Сүүлийн хоёр жилд хоёр мянга орчим хүүхэд мориноос унаж бэртжээ. Мөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд энэ сарын 18-ны өдөр хурдан мориноос хүүхэд унаж, хүнд бэртсэн. Хүү ГССҮТ-д ухаангүй хүргэгдэж, эмчилгээ хийлгээд бие нь тэнхэрсэн байна.

Засгийн газраас 12-оос дээш настай хүүхдийг морь унуулахыг зөвшөөрсөн шийдвэр өнгөрсөн оны нэгдүгээр сард гаргасан байдаг. Эл шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн хэмээв.

Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн шүүх хурлын талаар мэдээлэл өгнө үү?

-Шүүх хуралд нь ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг нэхэмжлэгчээр оролцоод ирсэн. Шүүх хурал нэг сар үргэлжилнэ. Малайз нь олон улсын гэрээ, конвенцид нэгдээгүй нь хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Гэхдээ тус улсын шинээр сонгогдсон Ерөнхий сайд нь хэрэгт нэр холбогдоод буй хуучин Ерөнхий сайдыг олон хэрэгт буруутгаж байгаа нь манай талд нааштай шийдэгдэх болов уу гэсэн итгэл төрүүлж байна.

-Сүүлийн үед цэргийн ангид дүрмийн бус харилцаанаас олон асуудал гарч байна. Танай комисс энэ талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Манай байгууллага жил бүр орон нутагт ажиллаж, цэргийн ангид шалгалт хийдэг. ХЭҮК байгуулагдсан цагаасаа хойш цэргийн ангиудад байнга хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчилд шаардлага зөвлөмж хүргүүлж байгаа. Цэргийн ангид дүрмийн бус харилцаа нэлээдгүй хувиар багассан.

- Дорноговь аймагт нас барсан цэргийн асуудалд юу хэлэх вэ?

-Манай байгууллага хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул эл хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүй. Гэхдээ цэрэг нас барсан хэргийг шалгаж байхад, цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй гэсэн мэдээ цацсан. Үүнийг хүний эрхэнд халдсан маш том зөрчил гэж үзэж байгаа. Манай байгууллагын зүгээс шүүхийн шинжилгээ, бусад шалгалтын ажиллагаа шударга явж байгаа эсэхэд анхаарч ажиллаж байна.

Холбоотой мэдээ