Хөрөнгийн зах зээл хувьцаа эзэмшигчдийн мэдлэгт тулгуурлан хөгжих ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-15 11:05:57

Компаниудын хариуцлагагүй байдал болон хувьцаа эзэмшигчдийн мэдлэг мэдээлэлгүйн улмаас Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжих боломж хязгаарлагдмал байгааг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр өнөөдөр болсон “Хувьцаа эзэмшигчдийн эрх, хувьцаа эзэмшигчдийн хурал” семинарын үеэр онцлов.

Тэрбээр, “Хөрөнгийн зах зээл гэдэг нь олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдээс сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн хурлаар дамжуулан захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ. Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа талаар олон жил ярьсан. Хөрөнгийн зах зээл хувьцаа эзэмшигчдийн мэдлэгт тулгуурлан хөгжих ёстой. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчид хурлаараа дамжуулан компанийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, борлуулалт, ногдол ашиг хуваарилалтад тогтмол хяналт тавьж байж хөгждөг. Гэтэл манай улсад энэ үйл ажиллагаа тун хангалтгүй байна.

Хувьцаа эзэмшигчид ТУЗ-д сонгогдох, сонгох, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, ногдол ашиг авах болон томоохон дүрэм, журам батлахад оролцох, санал өгөх эрхтэй. Эрхээ хэрэгжүүлэх гол тулгуур нь хувьцаа эзэмшигчийн хурал юм. Гэтэл аж ахуйн нэгжүүд зөвхөн сонин, сайтаар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг мэдээлдэг нь иргэдэд төдийлөн хүрдэггүй.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Улаанбаатар зочид буудал”, “АПУ”, “Багануур” зэрэг ТОП-20 компанитай хамтран “Тунхаг бичиг” гаргасан. Уг тунхаг бичиг нь хувьцаа эзэмшигчийн мэдлэг, мэдээлэл, хуралд суух идэвхийг нэмэгдүүлэх ажлыг идэвхжүүлэх зорилготой. Өнөөдөр Тунхаг бичгийн хүрээнд компаниудын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулж байна” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ