Байгаль эхийн хэлмэрч

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-01-28 18:56:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Байгаль эхийн түүхийг дэлхийн ямар ч бодгальтай харьцуулшгүй. Тиймээс ч хүн төрөлхтөн өнөө хэл бүрэн гүйцэд нууцыг хэрхэн тайлах тухайд технологийн хүчээр л бүхнийг шийдэж ирсэн. Гэтэл энэ нь өнөөдөр байгаль эхийн мөхлийг л зөгнөж байна. Харин тэдний нууцыг тайлж унших, оршин буй хэлбэр нь урлаг соёлын үнэт үзмэр болохыг батлан харуулж, хойч үед хайрлан хамгаалах ёстойг сургамжлах нь нэн түрүүнд шаардагдах ажил. Ийм л ухаалаг үйл хэрэг МУСГЗ,  химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын үзэсгэлэн бүрт тусгалаа олсон байдаг.


Хоёр жилийн өмнө гэхэд л “Монгол хэмээх гүн хүндтэй алдар нэрээр зүрх сэтгэлээ тэжээн гэрэлтүүлэгч хүн бүрт зориуллаа” хэмээгээд “Чулуудын хээ 2” үзэсгэлэндээ үзэгчдийг урин залж байсан нь тодхон. Эх орныхоо алдар нэрээр иргэн бүр сэтгэл зүрхээ гэрэлтүүлж, оюун бодлоо тэжээн, өв уламжлалаа сурталчлах их үйлсийн далайд алхаж явдаг билээ. Тэдэн дундаас шинийг сонирхон судлагч, элсний ширхэг мэт үй олны дунд чулуу шиг огт өөр нэгэн хүн байдаг нь Г.Гонгоржав юм.


ӨНӨӨДРИЙН ХҮН




Г.Гонгоржав цуглуулагчаас гадна уран бүтээлч, сэтгүүлч хүн. Үүнтэй холбогдсон түүх нь гунигтай боловч хэн хүний амьдралд тохиолдохгүй хувь тавилан байсан гэж хэлж болно. Учир нь тэрээр МУИС-ийн химийн ангийг дүүргэж, дараа нь эрдэс судлаачийн мэргэжлээр төгсжээ. Ийнхүү “Эрдэнэтийн зэсийн орд”, “Цагаан суврагын орд”-ны шинжилгээг тус тус хийхийн сацуу монгол нутаг дахь алтны томоохон ордуудын шинжилгээг ч хариуцан ажиллаж байж. 60-аад оны эхэн үеэр техник төхөөрөмж дутмаг байсан хэдий ч өдөрт 20 ширхэг шинжилгээ хийдэг багажийг гараар угсарч, 100 ширхэг шинжилгээ хийдэг болгох гэж махран зүтгэж явснаа дурдсан нь бий. Ажлын үр дүн муу байгаагүй боловч Г.Гонгоржав эрүүл мэндээрээ хохирсон байна. Түүний цуснаас их хэмжээний металл илэрч, мөнхүү ураны хордлогод оржээ.


Эрүүл мэндийн шалтгааны улмаас нэг хэсэг ардын уламжлалт эмчилгээ хийлгэж явсаар эцэст нь мэргэжлээ сольж “Үнэн” сонинд сэтгүүлчээр ажилласан нь түүний хувьд хамгийн зөв сонголт байв. Тэрээр ажилд орохын өмнө эрүүл мэндийн үзлэгт дахин хамрагдах үед цусан дахь металлын хэмжээ нь тэг болчихсон байсан гэдэг.


Үүний дараагаар ном бүтээх ажилдаа шуурхайлав. Сэтгүүлчийн ажил эрхлэх явцдаа өөрийн дотны анд С.Жамбалдоржтой хамтран “Мэргэдийн мянган сургаал” хэмээх ном бүтээсэн бол өөрийн бие даасан “Есөн эрдэнийн мэргэд” хэмээх бүтээлээ ч хэвлүүлж амжжээ. Шуурганд өвс нөмөрлөн дүнхийх чулуудын эрдэс судалж явахдаа олж нээсэн бүхнээ хүмүүст хүргэхээр зорьсон нь тэр. Тиймдээ ч “Үнэн” сонинд ажиллаж аж төрөх хугацаанд мөнхүү баг хамт олонтойгоо нийлж хэлэлцээд Монголын анхны “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийг бүтээх болж энэхүү ажилд найман жилийг зарцуулжээ. Тухайн үед А.И.Филатова, Төрийн шагналт зохиолч Л.Түдэв нар “Хүүхэд залуучуудын фонд”-ын хүрээнд нэвтэрхий толь бүтээх төслийг дэмжиж боть болгоныг 45.000 хувь хэвлүүлсэн байна.


Энэ үед Г.Гонгоржав хэдийн уран бүтээлч болчихоод байв. Харин тэр өөрөө “тэтгэвэртээ гарснаар бүтээлч амьдрал маань эхэлсэн дээ” хэмээн өгүүлэх нь бий. Мэдээж хоббигоо улам өргөжүүлэх, үүндээ бүтээлч байдлаар хандах цаг зав ихээр гарах болсон нь тодорхой. Хамгийн гол нь чулуу, өеөдөж унасан хус зэргийг бүтээлч байдлаар ашиглах болсноор өөрийн үзэсгэлэнгүүдээ ч дэлгэх болсон юм. Хуудас бүр нь түүх өгүүлэх зузаан боть шиг ийм хүн бидний дунд аж төрж сууна. Тэр бол жинхэнэ өнөөдрийн хүн билээ.


ИРЭЭДҮЙН УРЛАГ РУУ




Ихэнх хүмүүс гоё ганган чулууг үнэт эрдэнэ гэж хардаг. Тиймээс ч ашиг хонжоо харж чулуу наймаалцах, үнэт чулуудаар өөрсдийгөө гоёх нь элбэг. Харин эрдэс судлаач Г.Гонгоржав чулуудыг урлагийн бүтээл талаас нь үнэлж, байгаль эхийн хүн төрөлхтөнд үлдээсэн өв соёлын үнэт зүйл хэмээн сэтгэж цуглуулдаг байна. 1950-иад оны үеэр номин талаар нь гүйж, ногоон ширгэн дээр нь хөлбөрч өссөн Архангай нутгаасаа их содон дүрстэй чулуу олж харжээ. Тэр нь кварцаас бүтсэн боржин чулуу бөгөөд хээрийн жонш байсан гэдэг. Үүнийг хоёр хуваагаад үзтэл судлаачийн нүдэнд гөрөөс шиг дүрс харагдав. Ийнхүү чулууны гоо сайхныг өөр дотроо хэсэг шагшин байснаа дахин хувааж үзтэл нэгийн тоотой адил дүрс  нүдэнд нь тодорсон гэдэг. Яг энэ мөчөөс эхлэн тэрээр өөрийн содон сонин дүрс бүхий чулуудын цуглуулгаа эхлүүлж байгаль эхийн урлалыг хэлмэрчлэн хүргэхээр зорьжээ.


Зарим хүмүүс эртний ургамлын дардас олсон мэтээр хуурамч мэдээлэл түгээх нь элбэг. Харин үүнийг судлаачид чулууны завсраар марганцын болоод зарим нөхцөлд төмрийн эд эс орж талсжихдаа навч бөгөөд цэцгийн дэлбээ шиг хээ үүсгэдэг хэмээн тайлбарлана. Г.Гонгоржав тэдний нэг бөгөөд эрдэс судлаач мэргэжилтэй учир чулууг геологийн тогтцоос нь харж, шинждэг нь тодорхой.  Гэвч шинжлэх ухаанч үүднээс гадна чулууг урлагийн бүтээлийн хувьд авч үзсэн нь түүний бусад судлаачдаас ялгарах  гол онцлог юм.


“Чулуулгийн эд эс нь эрдэс байдаг. Тэр эрдэс өөрийн гэсэн өнгө, талсттай” тухай Г.Гонгоржав судлаач хэдэнтэй өгүүлж байв. Энэхүү эрдэс нь байгалийн бүтээсэн жинхэнэ уран зураг юм. Харин түүнийг олж харсан судлаачид шинжлэх ухааны үүднээс судалгаа явуулдаг. Гэтэл Г.Гонгоржав жаахан өөлж янзлах буюу сийлбэр хийж урлагийн бүтээл болгосны дараа цуврал үзэсгэлэнгүүд нээж эхэлжээ. Өнөөдөр урлагийн аль ч төрөл “шинэ бүтээгдэхүүн” хүсэж байна. Энэ нь “утга учиргүйгээс эмх цэгц хайх” түвшнээс хол давсан хэдий ч эргэж буух цэг одоохон доо харагдсангүй. Ямартаа ч ирээдүйн урлагт байгаль эхийн өөрийнх нь бүтээл илүү тодорхой байр суурь эзлэх болно гэдгийг тэр бидэнд цаг ямагт сануулдаг.


ХУСНЫ ДУУН




Бичих зүйлсийн эхлэл болсон үзэсгэлэнгийн танхимд модод бусдын нүдэнд саарал мөчир, ногоон навчтай үзэгддэг өнцгөөс өөрөөр оршин байв. Энэ бол Г.Гонгоржав гуайн “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэн юм. Үүнээс өмнө тэрээр чулууны гоо сайхан, өв соёлыг түгээн дэлгэрүүлж, үзэгчдэд таниулсан олон сонирхолтой уран бүтээл, цуглуулгын үзэсгэлэнг олны хүртээл болгож байсныг уншигчид мэдэх буй за.


“Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнд байгаль эхийн 100 орчим бүтээл дэлгэгджээ. Үүн дотор “Александр Сергеевич”, “Хаданд ургасан цэцэг”, “Чоно”, “Хусны цэцэг”, “Дарь эх” зэрэг онцлох бүтээлүүд олон бий. Бүтээлүүд нь эх байгальд урган өндийсөн хийгээд унаж хоцорсон тэр л янзаараа үзмэрийн ширээ болон шилэн хоргонд байрлана.


Г.Гонгоржав судлаач энэ талаар “Хус мод миний анхаарлыг ихэд татсан. Ялангуяа гоо сайхны мэдрэмжийг хүнд өгдөг төдийгүй сонин зураг их бий. Үзэсгэлэнд дэлгэгдсэн байгалийн бүтээлд залуу хус байхгүй. Өгөрч өеөдөж унасан хусанд нуугдсан гоо сайхныг би ажиглаж нээсэн юм. Унасан хусыг мөөг чимж байгаа нь бүр ч гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн хуучилж байв.


Хус мод өнгөнөөсөө авахуулаад хүмүүсийг сонирхлыг ихэд татдаг. Яруу найрагчид болоод зураачдын бүтээлд дүрслэгдсэн байх нь олонтаа. Харин ийнхүү музейн үзмэрийн танхим дүүргэн оршиж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн явдал нь Г.Гонгоржав судлаачийн эрэл хайгуулын дүнд бий болсон үйл хэрэг болов уу.  Ямартаа ч тус үзэсгэлэнгийн бүтээлүүдэд сийлбэрийн хутга, бэхний үзүүр хүрээгүй гэдгээрээ онцлог давуу талтай.  


БАЙГАЛЬ ӨӨД ХАРСАН ЦОНХ




“Цонх бидэнд ямагт ирээдүйг харуулдаг” гэж нэгэн зураач өгүүлснийг тодхон санана. Магад цонхоор агшин хугасын цаадхыг, маргаашийг тольдож болно. Гол нь тэр цонх хаашаа харсан байна вэ? гэдэгт л учир бий.


Харин Г.Гонгоржав судлаачийн бүтээл, цуглуулгыг цонх хэмээн сэтгэвээс тэр нь байгаль өөд үзэгчдийг харуулж байна. Байгаль эх хэрхэн сүйдэж, бидний хүрээлэн буй орчин бохирдож байгааг дэлхий нийтээр ярих болсон энэ цаг дор хэн бүхний нүдэнд ил харагдаж байдаг ч хүмүүс анзааралгүй зөрдөг зүйлсэд ямар их гоо сайхан агуулагдаж буйг бидэнд үзүүлж байна. Хайрлан хамгаалж чадвал байгаль дунд нуугдсан гоо сайхан хэчнээн гоёмсог болохыг ойлгоосой гэсэнд л өвгөн судлаачийн гол зорилго чиглэгдсэн биз ээ.


Мөнхүү эх дэлхий ийм л эр зоригтой судлаачид, энгүүн атлаа өр нимгэн сэтгэлтнүүдээр дамжуулан өөрийн үгийг илгээх шиг санагдана. “Чулууг сонсож, түүнтэй ярилцаж болдог, байгаль эх өөрөө зурж, бичиж, хүүрнэдэг” хэмээн өгүүлэх Г.Гонгоржав бол яах аргагүй байгаль эхийн хэлмэрч юм. 


Гэрэл зургийг: Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ