Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-28 11:55:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НПГ-аас АТГ, ЦЕГ-тай хамтарсан ажлыг хэсэг Жаст групп ХКК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, энэ сарын 14-нд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай бүлэглэн, “Стандарт банк Пи Эл Си-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160 сая ам.долларын зээлийг залилан авч, өөрийн хамаарал бүхий ААН-ийн үйл ажиллагаанд зарцуулжээ.

Дээрх асуудлаар Стандарт банк Пи Эл Си нь олон улсын Арбитрын шүүхэд хандаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 20, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрүүдээр нийт 92 сая 685 мянган ам.долларыг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар төлүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр ХХК-д их хэмжээний хохирол учирсан юм.

Мөн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай хамтран, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилж, их хэмжээний хохирол учруулсан. Түүнийг "залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон”  гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Холбоотой мэдээ