Авто зам ашиглалтын төлбөрийг гар утсаар төлдөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-26 14:56:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Гэрэгэ системс ХХК-тэй хамтран улсын чанартай авто зам ашиглалтын төлбөрийг ухаалаг гар утсаар төлөх боломж бүхий цахим системийг нэвтрүүлнэ.



Дээрх системийг эхний ээлжинд Баруунтурууны товчоо, Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт нэвтрүүлэн, цаашид Монгол орон даяар хэрэгжүүлэхээр талууд хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан  юм. Цахим системийг иргэд өөрт тохиромжтой хоёр төрлийн аргаар ашиглах боломжтойг албаныхан онцлов.

Тодруулбал, гар утсандаа Гэрэгэ аппликейшн татаж суулгаад, зааврын дагуу бүртгүүлж дансаа цэнэглэнэ. Ингээд төлбөр төлөх цэгээ сонгон, тээврийн хэрэгслийнхээ дугаарыг оруулж төлбөрөө төлнө. Тухайн цэг дээр очиход таны төлбөр төлсөн баримт төлбөр хураагчид очсон байх юм. Өөр нэг арга нь төлбөр хураах цэгт байршсан QR кодыг Гэрэгэ аппликейшнээр уншуулснаар төлбөрөө төлөх боломжтой.



Дашрамд дурдахад, ЗТХЯ-наас шалган бүртгэх товчоо, төлбөр хураах цэгүүдийг хөгжүүлэх, нэгтгэх, иргэдэд хүндрэлгүй шуурхай үйлчлэхэд анхаарч буй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Баруунтурууны товчооны есөн эгнээг ирэх сарын 01-нээс бүрэн нээхээр болсон. Харин цаана нь байрлах Рашаантын 361 дүгээр гармын товчоог татан буулгаж дээрх товчоотой нэгтгэх юм.

Холбоотой мэдээ